Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт  нөхөн сонгууль хийх  УИХ-ын тогтоол хууль  зөрчсөн гэх  МАН-ын захиалгат шийдвэрийг Цэц  гүйцэлдүүлсэн нь   иргэдийн  сонгох, сонгох  эрхэд шууд халдсан үйлдэл болсон.

Гэтэл ардчилал, хүний эрхийг хамгаалахаа илэрхийлдэг  АН ганц  ч үг ганхийсэнгүй. Нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд хандсан улс төрийн намуудаас МАХН, ИЗНН-аас бусад нь мөн л дуугарсангүй. Мөн л улс төрийн хоронд “хордсон” намууд дүр эсгэцгээж байсан бололтой юм.

Уг нь улс төрийн намын гол зорилго бол  улс төрийн сонгуульд оролцох гэж тодорхойлдог. Гэтэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “42 дугаар тойргийн нөхөн сонгууль ач холбогдол өгөхөөр сонгууль биш. Нэгэнт хийнэ гэж зарласан болохоор нь л  оролцохоо илэрхийлж байсан” гэж  хэвлэлд  ярьжээ. Дарга нь ингэж ярина  гэдэг  бол  нам  ийм байр суурьтай байна  гэсэн үг. Ардчиллыг  хамгаална, сахиулна гэж ярих нь энэ намын  сонгуулийн лоозон, хоосон  PR  юм.

 

Монгол хүнд Үндсэн хуулиар олгогдож,  баталгаажсан  хамгийн чухал эрх нь  сонгох, сонгогдох эрх.  Сонгуульд оролцсоноор  өөрийн төлөөллөөр дамжуулан төрийн эрх  барих  эрх хэрэгжиж байгаа юм. Харамсалтай нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчдын энэ эрхийг МАН-ынхан  Цэцтэй хамжиж байгаад  хаачихлаа.  Түүнийгээ “Төрийн албан хаагчдын нэр дэвших эрхийг зөрчсөн тул  түдгэлзүүлсэн” гэж тайлбарласан. Үнэндээ бол  нэг намын дарга нь нөгөө намынхаа даргаас айсных юм.  Тодруулбал, Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ашиг сонирхол зөрчигдсөн хэрэг. АН ганц ч үг дуугараагүй нь   монголчууд  тус  намыг улс  төрийн МАНАН-д ууссан гэж ярьж, бичдэг нь үнэн болохыг  баталж өглөө.   Ардчилсан  намынхан ямар үед дуугардаг вэ гэвэл, албан тушаал, ашиг хонжооны талбарт л дуугарч байна. Тухайлбал,  ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийг улс төрийн шоу болгон хэвлэлийн хурал зарлаж байв. Төмөр замд гарсан ослын тухайд ч адил.  Боломж гарсан дээр өрсөлдөгч намаа баалах,  муухай харагдуулж  харлуулах гэж  тэр. Харин хөгжлийн тухай, нөхцөл байдлыг  яавал засч болох талаар юу ч яриагүй. Гэхдээ АН-ын гишүүд бүгд ийм биш. Шударга, хэлэх гэснээ хэлчихдэг  гишүүд бий,  гэхдээ  цөөхөн. Өнөөдөр  УИХ-д сууж буй есөн гишүүнээс Лу.Болд гишүүн гадаадад томилолттой, Д.Мурат гишүүн хувийн асуудлаасаа болоод сэтгүүлчдээс зугтаж яваа.  Бусдаас нь  “Нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, эсэх талаар юу бодож байгааг нь  тодруулахад   хоёроос бусад нь хариу өгсөнгүй. Ж.Батзандан гишүүн “42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан нь хууль зөрчсөн гэж   Цэц  нэг иргэний мэдээллийн дагуу  шийдвэр гаргасан нь өөрөө Үндсэн хууль  зөрчиж байна.  Учир нь төрийн албан хаагч  нэр дэвших тухай хуулийн  заалт нь зөвхөн сонгуулийн жил хэрэгждэг.  Нөгөө талаас иргэдийн сонгох, сонгогдох  эрхийг хувийн хэвшилд ажиллаж байна уу, төрд ажиллаж байна уу гэдгээс хамаарч тогтоох нь хууль зөрчсөн үйлдэл.  Цэц Үндсэн хуулийн  суурь зарчимд тулгуурлаж бус  салбар хуулийн бараг Үндсэн хуулийг зөрчсөн заалтаар шийдсэн  нь буруу. Энэ бол улс төрд үйлчилсэн шийдвэр. Цэц Үндсэн хуулийг биш  улс төрчдийг хамгаалдаг,  улс төрийн бүлэглэлд үйлчилдэг болжээ” хэмээн үзэж байна. Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүн “Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгуулиас нэг хүн үхтлээ айж байгаа. Тэр хүн бол Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэр хүн нөхөн сонгууль хийлгэхгүйн төлөө бүх хүчээрээ зүтгэлээ. Цэц түүнийг нь хэрэгжүүллээ” гэв.  42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  АН-аас нэр дэвших хамгийн магадлалтай хүмүүсийн нэг  Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын хувьд  “ Эрх баригч намынхан  нөхөн сонгуулийг анх зарлахдаа л хийлгэхгүй гэдгээ давхар зарласан. Түүгээр нь боллоо. Энэ нам ард түмний эрх ашгийг  дээдлэх, тэдний сонгох, сонгогдох эрхэд хүндэтгэлтэй хандах, шударга ёсыг хэрэгжүүлэх  ганц ч бодлого, шийдвэр  гаргаж чадахгүй гэдгээ харууллаа” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга  эмэгтэй хүнд хүч хэрэглэсэн гэх хэргийн улмаас  өөрийн хүсэлтээр  огцорсон. Хүнээ солиод цааш явъя гэтэл нь  Ардын нам  Цэцтэй хамтран  сон­гогчдын эрхэнд халдан хүчирхийлж байгаа нь энэ.  Ийнхүү тус тойр­гийн сонгогчид төрд төлөө­лөлгүй хэдий хүрч хэрхэ­хийг хэн ч таашгүй юм.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин