1 сарын 23-нд Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк “Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо”-нд /AFCA/ гишүүнээр элсэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний өндөр нэр хүнд бүхий 38 банкийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд санхүүгийн чадавхи, найдвартай үйл ажиллагаа, олон жилийн туршлага зэргийг харгалзан нэг улсаас зөвхөн нэг банкийг гишүүнээр элсүүлдэг журамтай. Тодруулбал нэг улсаас 2-дагч банкийг сонгодоггүй. Ингэхдээ тухайн улсынхаа банк санхүүгийн салбарт өндөр байр суурийг эзэлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон банк болоод хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг нь тус холбооны нэр төрийг илтгэдэг юм. 

Тус холбоонд БНХАУ, БНСУ, Индонез, Тайвань зэрэг орны төрийн болон хувийн хөрөнгө оруулалттай өндөр нэр хүнд бүхий банкууд нэгджээ. Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо нь эрсдлийн, бизнес хөгжлийн, судалгааны гэх мэт 7 хороогоор үйл ажиллагаа нь чиглэгддэг бөгөөд гишүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгаас харилцан суралцах зэрэг өргөн цар хүрээг хамардаг байна. 

Голомт банк Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбооны гишүүнээр элссэнээр дэлхийн банк санхүүгийн үйлчилгээг Монголд авчрах гүүр болж өгөх юм. Нөгөө талаар тус холбооны нийт гишүүдийн активын хэмжээ 12 триллион юань буюу 1,9 их наяд орчим доллар. Иймээс Голомт банк гишүүн банкуудтай хамтран үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, дэлхийг хамарсан томоохон хэмжээний төсөлд зээл олгох, харилцагчиддаа чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх гээд өргөн боломж нээгдэж байна.