Тийм ээ, бидний шаналал ердөө ганц, хоёр хоног байж болохгүй ээ. Монгол хүний санах ой тэгтлээ саарсан уу, аливаа асуудлыг бултаараа хашгирч чинээнд нь тулгачихаад тэгсхийгээд орхидог хамгийн муу зуршил байна.

Бидэнд хөндсөн асуудлаа цэгцэлж, эцсийн шийдэлд цэг тавих тууштай чадвар алга. Ам хэлээ билүүдэж чаддаг шигээ асуудалд яагаад тэгж хандаж чаддаггүй юм бэ?

Олныг сэртхийлгэсэн хэрэг явдал гарахаар хэдхэн хоног шуугиад тэгсхийгээд намждаг нийгэм. Сонгогчдоосоо дараагийн парламентын “тийз” өвөртлөх гэсэн цагаан захтнууд. Ууж идсэндээ хахаж цацсан олигархиуд. Газрын баялагт хар нүдээ ч ухаж өгөхөөс сийхгүй хүн дүрст араатнууд. Хэрэг явдлыг сэмхэн намжаах гэсэн эрх баригчид. Энэ бол өнөөгийн бидний өөдгүй төрх. Яагаад бидний амин зүрхний уяа болсон үрс минь өдөр болгон аймшигт араатнуудын гарт сүйдээд байна вэ. Яагаад Монгол Улс хүүхдээ хайхрахгүй, тэднийг хамгаалж чадахгүй, тэднийхээ төлөө дорвитой шийдвэр гаргахгүй байна вэ. Яагаад үрс минь тамлал гээчийн хамгийн харгисыг бяцхан биеэрээ эдэлнэ вэ. Яагаад томчуудын буруутай үйлдлийн төлөөсөнд дандаа бяцхан зүрх зогсоно вэ…

Өлгийтэй нярайг хана мөргүүлж тогоо руу шидэж хөмсгийг нь сэтэлж хараанд нь өөрчлөлт оруулчихаад 2-5 настай ах нарыг нь хазаж элэгдэж заазуурдсан араатныг хүний ертөнцөд амьд байлгах хэрэгтэй юү. Төр төмөр нударга хаана, хэзээ хэрэглэгдэх юм. 13 настай турьхан охиныг 40 хүрч яваа төрсөн ах нь хүчирхийлсэн хэргийн талаар нэг хэсэг “шуураад”, шуугиад өнгөрсөн. Бас л 13 настай охиныг 20 гаруйхан настай гурван залуу архи цутган хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн хэрэг бүтэн жил өнгөрөхөд шийдэгдээгүй байна. Хэдхэн жилийн өмнө хойд эцэгтээ зодуулж, дарамтлуулдаг байсан жаахан хүү эрүүлжүүлэхээс удахгүй гарах ааваасаа айхдаа хөшигнөөсөө өөрийгөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарсан. Бид энэ бүгдийг мартсаар, маргаашийн ажилдаа анхаарсаар. Архичин эцэгтээ зодуулж, заазуурдуулчихаад цусаа гоожуулан дүүгээ тэврэн зогсохдоо дусал ч нулимс унагахгүй «Би том болоод бөх болно» гээд зогсох Идрээ хүүгийн талаарх дүрс бичлэгийг үзээд нийгэм тэр аяараа яргачин эцгийг жигшсэн. Үүнийг ч мөн мартав. Сайншандад гэрээсээ гараад сураггүй болсон охин, хонины бэлчээрт алга болсон хоёр настай хүү, хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охин, сургуулийнхаа хөл бөмбөгийн хаалганд дарагдаж амиа алдсан хөвгүүн, орцондоо хөөгдөж шалдан зогссон дөрвөн настай охин гээд сэтгэл сэртхийлгэсэн аймшигт хэргүүдийг жагсаавал хэдэн хуудас болохыг таашгүй.

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин