Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсанаар Шүүх эмнэлэг сүүлийн үед шударга ажиллахгүй байгаа гэх мэдээлэл үе үе чих дэлсэх болсон. Тэгвэл зарим шинжээчийг зориудаар худал дүгнэлт гаргасан байж болзошгүй хэргээр  Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн  хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн  21.4 зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах: Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэсэн зүйл ангиар  эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.  

Прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг  2018-09-10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа шинжээч нарын хэн нь хэн бэ?

Хэрэг холбогдсон шинжээч эмч нарын хэн нь хэн бэ?

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өнөөдрийн байдлаар 500 гаруй шинжээч ажиллаж байна.  Тэдгээрээс  бичиг судлалын лабораторийн шинжээчид болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар өнөөдөр гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр олны анхааралд өртсөн 60  тэрбумын хэргээс эхлээд олон дуулиант хэрэг дээр шинжээчээр ажиллаж байсан. Үүнийхээ хариуд тус газрын хурган даргын местэд очиж, хугацаанаасаа өмнө цол ахисан нэгэн гэдгийг  тус байгууллагад хамт ажиллагсад нь хэлдэг.  

Хэрэгт холбогдоод байгаа Э.Солонго нь иргэн Энхтөрийн охин.  Иргэн Энхтөр нь  АТГ-ын  дарга Энхжаргалтай төрсөн ах дүүгийн харилцаатай ажээ.   Тийм ч учраас түүнийг 30 хоног саатуулаагүй гэдгийн учир мэдэх нэгэн ярьсаар байна.  

Харин Сэлэнгэ, Тамир нар нь  тус байгууллагын  жирийн шинжээчид ажлаа хийж яваад  Д.Адилбаярын “хоморгонд” өртсөн байх гэдгийг  хамт ажиллагсад нь хэлж байна. Дээрх нэр бүхий дөрвөн шинжээчийг  баасан гаригт саатуулсан бөгөөд даваа гаригт хоёрыг нь цагдан хорьж,  хоёрт нь хилийн хориг тавьсан байгаа. Өнөөдрийн байдлаар  30 хоног саатуулагдаагүй хилийн хоригтой байгаа Солонго, Сэлэнгэ нар ажлаа хийхгүй байгаа.  

Тэд ямар хэрэг үйлдэв?

Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар уул уурхайн лицензтэй холбоотой хэрэгт бусдын гарын үсэгтэй холбоотойгоор нэр бүхий шинжээчид худлаа дүгнэлт гаргасан ажээ.  Асар их үнийн дүн яригдаж байсан хэрэгт худлаа дүгнэлт гаргасан нь хэрвээ нотлогдох юм бол ажлаа өгч торгуулна эсвэл  хорионд орох, шоронд ял эдлэхээр байгаа. Одоо зөвхөн  эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Энэ нь тэднийг шууд гэм буруутай гэж үзэх үндэслэл биш. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүх л гэм буруутай эсэхийг тогтоох болно.  

Шүүхийн шинжээчид худлаа дүгнэлт гаргасан эсэх ноцтой энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа