Нэгдсэн Үндэстний байгууллага, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг бууруулах нь” төслийн хүрээнд Монгол Улс анх удаагаа “Мөнгөн ус” хадгалах шинэ агуулахтай болсон билээ.

Энэхүү агуулах Онцгой байдлын албаны Аврах тусгай ангийн өндөр зэрэглэлийн хамгаалалтай агуулахад хадгалагддаг бөгөөд өнгөрсөн 8 дугаар сард гэмт этгээдүүд агуулахад нууцаар нэвтэрч, их хэмжээний мөнгөн усыг хулгайлан авсан байна.

Манай улсад 2000 оны дунд үеэс мөнгөн усны хууль бус хэрэглээ нэмэгдэж, улмаар уул уурхай, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн дунд газар авсан байдаг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй энэхүү онцгой хортой бодисын хууль бус хэрэглээг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, эзэн холбогдогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсээр иржээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор СХД-ийн Цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ.