Манай улсын экс­портын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсийг Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ярант буюу шинэ нэршлээр Булган боомтоор экспортолж байна.

Эдгээрээс Булган боомтын хувьд баруун гурван аймгийн хэрэгцээт бараа таваарыг импортолдог гэдэг утгаараа хөл хөдөлгөөн ихтэй боомтын нэгд зүй ёсоор тооцогддог байв. Гэтэл 2016 оноос хойш тус боомтоор нүүрс, төмрийн хүдэр экпортлохоос өөр эргэлтгүй шахуу нам жим болжээ.

Учир нь баруун аймгуудад хийгдэж байсан бүтээн байгуулалт буюу хэвтээ, босоо тэнхлэгийн дагуух автозам бүрэн ашиглалтад орсон нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралаас үүдэж тус бүс нутаг дахь зарим бүтээн байгуулалтын ажил зогссон тул импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зогсонги байдалд шилжжээ. Дээрхээс гадна БНХАУ-д хурцадмал байдал үүсэх эрсдэл өндөржсөн тул зарим бүс нутаг тэр дундаа Шинжаан Уйгарын өөртөө засах орны бүс нутагт зарим хориг арга хэмжээ авах болсон байна. Энэ хүрээнд иргэд, авто тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхдээ шат дараалсан олон хяналт шалгалт хийдэг болсон нь зорчигчдын тоо эрс буурахад нөлөөлөх болжээ. Ховд аймгийн Булган сумын иргэдийн хэлснээр Шинжаан Уйгарын өөртөө засах орны Алтай аймаг дахь хамаатан садантайгаа уулзсан даруйд тэднийг баривчилж саатуулах үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна.

Монгол Улсын баруун хязгаар болох Ховд аймаг нь мянганы замын баруун бүсийн босоо тэнхлэгээр Булган боомт хүртэл автозамаар холбогдсон. Эл замаар Ховд аймгийн Булган сум болон БНХАУ-ын Такашикен олон улсын худалдааны суурин гэсэн чиглэлд дөрвөн автобус зорчигч тээвэрлэдэг байна. Булган боомтоор өдөрт 400 орчим авто тээврийн хэрэгсэл, 200-250 иргэн тогтмол зорчдог.

Иргэдийн хувьд цонхны шил, хашааны тор, замаск, будаг зэрэг барилгын материал голчлон импортолдог. Харин Хөшөөтийн уурхайгаас олборлосон нүүрсийг компанийн өөрийн хөрөнгөөр барьсан даацын засмал замаар тээвэрлэж, Такашикен боомтоос цааш 15 километрийн цаана орших нүүрс угаах үйлдвэрт буулгадаг байна. Хятадын талын хяналт шалгалт чангарсан нь нүүрс, төмрийн хүдрийн экспортод сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа учир тус боомтын холбогдох удирдлагууд хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлэх тал дээр нааштай хандах арга хэмжээ авах саналыг хүргүүлжээ. Ингээд Ховд аймгийн Булган дахь Гаалын газрын дарга О.Лхагва-Эрдэнэ болон Булган боомт дахь шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч Ц.Амаржаргал нараас авсан тодруулгыг хүргэе.

 

Ховд аймгийн Булган дахь Гаалын газрын дарга О.Лхагва-Эрдэнэ:

Бараа таваарын эргэлт жил ирэх тусам буурч байна

-Булган боомтоор голчлон нүүрс, хүдэр нэвтрүүлдэг юм байна. Хэчнээн компани тээвэрлэлт хийдэг юм бэ?

-Тээвэр-лэлт хийдэг компани нэлээд олон. “Мон эн ко” компанийн хувьд гэхэд Хөшөөтийн уурхайгаас олборлосон нүүрс тээвэрлэх гэрээг 30 орчим тээврийн компанитай хийсэн. Хил рүү буюу экспортын нүүсний тээвэрлэлтийг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх бүхий компаниуд хариуцаж ажиллах ёстой. Ингэхдээ боомтоос 85 километрийн зай буюу Булган суманд байрладаг “Мон эн ко” компанийн гаалийн хяналтын бүсэд манай байцаагчид хяналт тавьж ачуулдаг. Тэднээс 13 аж ахуйн нэгж экспортын нүүрсний тээвэрлэлтийг хийдэг. Хяналтын бүсийн хувьд таван хяналтын бүсэд ажилладаг. Булган боомт гэхэд олон улсын чанартай автозамтай, байнгын ажиллагаатай. Түр ажиллагаатай гэвэл Байтаг богд, Хөшөөтийн уурхай дахь хяналтын бүс, Үенч сум, “Цоохор нуур” компанийн Булган суман дахь гаалийн хяналтын бүс гэсэн таван хяналтын бүстэй.

-Төмрийн хүдрийн хувьд?

-“ALGT” гээд ганцхан аж ахуй нэгж бий. Булган сум дахь Цоохор нуурийн гаалийн хяналтын бүсээс ачилт хийдэг.

-Энэ жилийн хувьд хэчнээн тонн нүүрс, төмрийн хүдэр экспортолсон бэ?

-2018 он гарсаар 469 мянган тонн нүүрс, 29.7 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон. Булган боомт нь дундаж ачаалалттай боомтын тоонд ордог. Энэ оны байдлаар 2.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. 2018 оны жилийн төлөвлөгөө нь 3.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Өнгөрсөн жил төлөвлөгөөгөө 110 хувь давуулан биелүүлсэн. Энэ жилийн хувьд хилээр нэвтэрч байгаа бүх ачаа барааг гаалийн хяналтад бүрэн хамруулах зорилго тавин ажиллаж байна. Гэхдээ биднээс хамаарахгүй зүйл нь бараа таваарын эргэлтийн хэмжээ. Барааны эргэлтийн хэмжээ жил ирэх тусам багасч байгаа.

-Ямар шалтгаантай юм бэ?

-Шинжааний бүс нутагт дотоодын хяналт шалгалт чангарсан учир манай улсаас зорчих иргэдийн тоо эрс цөөрсөн. Хятадын талын олон хяналт шалгалтыг давж гараад бизнес хийнэ гэдэг хүндрэлтэй шүү дээ. Үүний оронд Улаанбаатар хотоос, эсвэл Замын-Үүд боомтоор бараа тээвэрлэх нь харьцангуй хялбарт тооцогдох болсон. Хоёрдугаарт, Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого  баримтлах болсноор зарим барааны татвар нэмэгдсэн. Жишээлбэл, цемент байна. Импортын татвар нэмэгдэхээр дотоодоос худалдаж авах нь хямд тусна шүү дээ.

-Боомтоор зорчих иргэдийн олонх нь орон нутгийн иргэд байдаг уу?

-Тийм. Тэр дундаа Булган сумын иргэд голчлон зорчдог. Хилээр оруулж ирдэг бараа таваарын бүтцийг авч үзвэл, ихэвчлэн өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн байдаг. Цонхны шил, ислэг хавтан, хашааны төмөр тор, замаск, будаг гэх зэрэг.

-Зөрчлийн хувьд ямар төрлийн зөрчил ихэвчлэн гардаг вэ?

-Жил ирэх тусам зөрчлийн тоо буурч байна. Энэ нь гаалийн байгууллагын хяналт шалгалт чанга байгаатай холбоотой. Ерөнхийдөө бол бараа буруу мэдүүлсэн, үнийн дүн багаар мэдүүлэх зэрэг зөрчил илэрдэг. Энэ бүхнийг хяналт шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байгаа.

-Энэ жилийн хувьд хэчнээн зөрчил илрүүлсэн бэ?

-Энэ оны байдлаар 14 зөрчил илрүүлсэн. Эдгээрээс 10 нь татвараас зайлсхийсэн, бусад нь гаалийн хяналтын талбайн дэглэм зөрчсөн, хяналтын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэдэг зөрчил.

-Хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол гарсан уу?

-Энэ төрлийн гэмт хэрэг Булган боомтод бараг гардаггүй. Бусад боомтуудад ашигт малтмалын дор хууль бус бараа бүтээгдэхүүн нууж хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил олон гардаг. Тэгвэл манай боомтод ийм тохиолдол огт гардаггүй. Учир нь дээр хэлсэн таван хяналтын бүсэд гаалийн байцаагчид хяналт шалгалтыг маш сайн хийдэг.

-Өдөрт хэчнээн тээврийн хэрэгсэл нэвтэрдэг юм бэ?

-Нүүрсний тээвэрлэлт гэвэл өдөрт 80 орчим автомашин хилээр нэвтэрдэг. Хятадын талын хяналт шалгалт хэр удахаас хамаарч хилээр нэвтрэх автомашины тоо харилцан адилгүй.

-Хүлээлт хэр байна гэсэн үг вэ?

-Хэлэхэд хүндрэлтэй. Хятадын талынхан зарим өдөр баахан журам яриад хэд дахин шалгах тохиолдол гардаг. Заримдаа олон машин нэвтрүүлэх үе ч бий. Бидний зүгээс ашигт малтмал, зорчигч тээвэрлэж байгаа автомашиныг түргэн шуурхай, чөлөөтэй нэвтрүүлээч гэдэг хүсэлтийг тавьдаг. Дунджаар 36 цаг орчим хүлээгдэх үе гардаг.

-Боомтоор нэвтрээд цааш хэдэн километр тээвэрлэлт хийдэг юм бол?

-Бидний мэдэхээр хилээс цааш 17 километрийн цаана “Мон эн ко” компанийн нүүрс угаах үйлдвэр бий. Тэнд буулгадаг.

-Гаалийн хяналт шалгалт хийхэд рентгэн аппарат чухалд тооцогддог. Автомашины рентгэн байрлуулах яриа байсан. Танд мэдсэн зүйл бий юү?

-Боомтуудын нөхцөл байдлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж байгаа юм билээ. Манай боомтын нөхцөл байдалтай танилцсан. Энэ хүрээнд рентгэн аппарат байрлуулна гэж тусгасан байна лээ. Удахгүй автомашины рентгэнтэй болох байх.  

-Танай боомтод лаборатори байдаггүй юм билээ. Шинээр ашиглалтад оруулах юм болов уу?

-Ирэх жилээс шинэ лабораторитой болно.

Булган боомт дахь шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч Ц.Амаржаргал: Хятадын талын хяналт шалгалт чангарсан

-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр шалган нэвтрүүлэх ажлыг хил хамгаалах байгууллага хариуцах болсон. Ямар төрлийн зөрчил голчлон гарч байна вэ?

-Нүүрс тээвэрлэдэг жолооч нар баримт бичгээ бохирдуулдаг. Мөн хүчинтэй хугацаа дууссан эсэхээ нягтлаагүй зэрэг бичиг баримттай холбоотой зөрчил голчлон гардаг. Хятадын талаас хяналт шалгалтаа чангаруулж, олон шат дараалсан шалгалт хийдэг болсон нь зорчигчийн тоо буурах шалтгаан болоод байна.

-Хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдол энэ жил гарсан уу?

-Ийм оролдлого бараг гардаггүй. Шинэ хуулиар хилийн шалган нэвтрүүлэх алба ажиллах болсноор хяналт шалгалтын ажил горимынхоо дагуу явагдах, цаашлаад хяналт шалгалтыг нарийвчлан хийдэг болсон учир энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдах этгээдүүд цөөрсөн.

-Энэ оны зургадугаар сарын 1-нээс хүн тээврийн автобус үйлчилгээнд гарсан гэсэн. Өмнө нь хилээр яаж нэвтэрдэг байсан юм бэ?

-Монгол, Хятадын авто тээврийн байгууллагын олон улсын хэлэлцээрийн дагуу зориулалтын хүн тээврийн хэрэгслээр нэвтрүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд дөрвөн автобус тээвэрлэлт хийж байна. Өмнө нь Булган боомт хүртэл өөрсдийн унаагаар ирж хилээр явган гардаг байсан. Тэндээсээ цааш хөлсний унаанд сууж Такашикен ордог байсан юм. Гэтэл хуульд явганаар хил нэвтэрнэ гэсэн үг, өгүүлбэр байхгүй шүү дээ. Тиймээс зорчигчдийг тусгай эрхтэй тээврийн компаниар зорчуулахаар зохицуулсан.

-Такашикен боомтоор хил нэвтрээд цааш хэр хол явж байж худалдааны төвдөө хүрдэг юм бэ?

-15 километр яваад Такашикэн гээд олон улсын худалдааны төв бий. Тэндээс худалдан авалт хийдэг.

Нутгийн иргэдийн хэлснээр Такашикен боомтоор хил нэвтрэхийн тулд гутлаа тайлж шалгуулахаас гадна аашилж загнах нь энгийн үзэгдэл болсон гэв. Тиймээс л тус Такашкен олон улсын худалдааны сууринг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт цөөрч буй юм байна. Одоогоос долоохон жилийн өмнө Шинжаан Уйгарын өөртөө засах орны удирдлагууд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй Ховд аймагт зочилсон байв. Тэдний гол зорилго нь тухайн үед гацаанд орсон байсан Хөшөөтийн уурхайгаас олборлосон нүүрсийг саадгүй хил нэвтрүүлэх, цаашлаад Булган боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, автозамын байгууламжийг өргөсгөх төслийг хэрэгжүүлэх зорилготой байлаа. Тэд санасандаа хүрч нутаг буцсан. Гэвч долоохон жилийн өмнө хилийн нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлж өгөөч гуйж байсан хятадууд өдгөө буруу харж, хямсайж суух болжээ. Тэдний дээрх үйлдэл нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөх нь дамжиггүй. Тиймээс л ховдчууд 1500 километр газрыг туулан байж хот хүрээ газраас хэрэглээний бараагаа татахаас аргагүйд хүрсэн нь энэ юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин