2018 оны 9 дүгээр сар 21-ны өдөр Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал болно. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа. Хуралдааны гол зорилго нь шинэ намын даргаа сонгох юм.  

Бага хуралтай холбоотойгоор хуралд оролцогчдод нөлөөлөх зорилгоор Ноцтой мэдээ сонин тусгай дугаар гаргаж 12 нүүр бүхий гүтгэлгийн шинжтэй нийтлэл гаргасан тухай дөнгөж сая Нийслэлийн МАН-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн Нийслэлийн МАН-ын  дэд дарга С.Мөнхчулуун хийсэн. Тэрбээр: “Нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг харлуулах зорилготой олон гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл гарч байсан. Тэр бүрт хүлээцтэй хандаж байлаа. Гэтэл Ноцтой мэдээ сонин 12 нүүр бүхий тусгай дугаар гаргаж тарааж, хуралд оролцогчдод нөлөөлөхийг завдаж байна. МАН-ын гишүүд энэ худал гүтгэлэгт автахгүй байхыг уриалж байна. Бидэнд энэхүү гүтгэлгийн шинжтэй сониныг хэн гаргасан, хаагуур тараах тухай мэдээлэл ирсэн.  Тиймээс бид  МАН-ын хяналтын хороонд хандаад байгаа” гэдгийг онцолсон юм.

Ноцтой мэдээ сонин тусгай дугаарыг зохион байгуулалттайгаар тараахаар  10 000 хувь хэвлэсэн бөгөөд одоогоор тарааж эхлээгүй аж.