ОХУ-ын Ангарск хотын  цагдаагийн ажилтан байсан Михаил Попковыг 22 эмэгтэйг хөнөөсөн гэж 2015 онд шүүхээр шийтгэн бүх насаар нь хорих ял оноожээ. Гэтэл өнөөдрийн байдлаар түүнийг өөр бас 47 хүнийг хөнөөсөн байж болох сэжиг илрээд шалгаж эхэлээ гэж ОХУ-ын Мөрдөн байцаах алба мэдэлсэн байна. Орчин үеийн, тэгээд хууль сахиулагч байсан энэ эр ийнхүү оросын хамгийн алдартай маньяк алуурчин Андрей Чикатилогоос давж гарлаа. Чикатилог 53 хүний амь хөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон бол өөрөө 56 хүнийг алсан гэж мэдүүлж байсан юм. Попковын хэргийг задалж дахин мөрдөн байцаах болсон тухай шүүх хуралд байсан Эрхүүгийн “Восточно-Сибирская правда” сонины сурвалжлагч ангарын энэ маньяак алуурчныг өмнөх хэрэг дээр нь дахиад 60 хүнийг алсан хэрэг нэмэгдэх нь гэж бичжээ.

Түүний бүхий л аллагыг мөрдөн байцаалтын явцад нотолж цогцосуудыг олж гарган, шүүх эмнэлэг, бусад криминалистикийн шинжилгээгээр оруулан баталсан байна. Попков ч эмэгтэйчүүдийг алснаа хүлээн зөвшөөрдөг ч харин хүчиндсэн, бэлгийн шинжтэй өөр бусад гэмт хэргүүдээ хүлээдэггүй байна. Шүүх түүний хорих хугацааг нэг бус удаа сунгаж шинэ мөрдөн байцаалтад буцааж байжээ. Попков Ангарск хотод болон түүний ойр орчмын дүүрэг, Усольскийн районд шөнийн цагаар ангуучилж  сүх, алх, хүрз, хутга, олс, сур, халив гээд машиндаа авч явдаг байсан төрөл бүрийн зүйлээр зэвсэглэн эмэгтэйчүүдийг цохиж, боож унагаад алж цогцосыг нь газарт, цасанд, навчис дунд нууж, эсвэл ойд хаядаг байсан гэнэ. 1994-2000 онд Ангарск хот орчимд голдуу орой, шөнийн цагаар 17-38 насны эмэгтэйчүүд алга болдог болоод байсан юм. Тэднийг хүчирхийлж алаад хот орчим, Усольскийн районд, Эрхүү мужийн Эрхүүгийн районы нутагт ойд, оршуулгын газарт, замын хажууд нууж орхисон байдгийг цагдаагийнхан олж илрүүлсэн юм. Зарим цогцосны дэргэдээс “Нива” маркийн машины дугуйн мөр олдсоныг гэмт хэрэгтнийх байж магадгүй хэмээн сэжиглэж ийм машинтай бүх хүнийг тодруулан мөрдөн шалгаснаар гэмт хэрэгтэн Попковыг олсон байна.

Михаил Попков нь 1998 оныг хүртэл Ангарскийн Төвийн дүүргийн Цагдаагийн  газрын оперативын жижүүрээр ажиллаж байжээ. Алуурчин цагдаагийн ажилтан, дүрэмт хувцастай байдгаас эмэгтэйчүүд түүний машинд айлгүйгээр суудаг байсан гэдэг. Алуурчин Попков энэ хэргийг эхлэн мөрдөн шалгахад оролцож өөрийн нь золиос болж алагдсан эмэгтэйчүдийн цогоцсыг гаргалцан шалгаж байсан гэнэ. Түүний золиос болсон ч азаар амьд үлдсэн хоёрхон хүн байсан нь хожим хэргийн гэрч болсон юм. 1998 оны зун Евгения Потасова гэдэг эмэгтэйг тэрээр толгой дундуур нь цохиод үхчихлээ гэж бодоод орхисон ч тэр эмэгтэй амьд гарсан байдаг.