Голландын улс төрийн зүтгэлтэн Жон де Витт нь тухайн цаг үедээ маш их нэр алдар болон амжилтад хүрч чадсан удирдагч хүн байлаа. Түүний эцэг ч ард түмэндээ сайн нэртэй захирагч хүн байсан юм. Хүү Жон Витт ч ялгаагүй төрөлхийн ухаалаг, яг л нэг улс төрч хүнд байхаар өргөн дух, хүчирхэг эрүүтэй, том шанаатай байсан бөгөөд тэрээр Голланд улсын эд хөгжин цэцэглэлтийн үед төрж хүн болсон байна. Гэвч түүний амьдрал тийм ч таатайгаар дуусаагүй нь харамсалтай. 

Жон де Витт хүчирхэгжиж эхэлсэн нь

Тэрээр 1625 онд Голланд улсад төрсөн бөгөөд түүний эцэг нь Дордрех хэмээх тосгоны амбан захирагч хийдэг байлаа. Түүний математикийн гоц авьяас нь бүр хүүхэд ахуй цагаас нь мэдэгдэж эхэлсэн байна. Тун удалгүй өсөж том болоод бүгд найрамдахчуудын талд орон тэдний санхүүгийн төсөв хийгээд татварын асуудлуудыг зохицуулдаг болжээ. Түүний эцэг нь тухайн үеийн аристократын онолыг баримтлагчид буюу Нассаугийн талынхныг хүчтэй эсэргүүцдэг нэгэн байв. Тухайн цаг үед бүгд найрамдахчууд болон аристократын онолыг дэмжигчид хэмээн Голланд улс хоёр хуваагдан бие биетэйгээ эрх мэдлийн төлөө ил болон далдуур тэмцэлддэг байсан юм. Харин Жон де Витт өөрийн эцгийн удирдлага доор улс төрийн улам их нөлөөтэй болсоор байв. Түүний оюуны чадамж хийгээд илтгэх ур чадвар дээр эцгийнх нь нэр хүнд нэмэгдсэнээр дөнгөж 28 настайдаа буюу 1653 онд улс төрийн тэргүүний суудалд заларсан түүхтэй.

 

Түүнийг дөнгөж эрх мэдэлд хүрэх үед эртний Голландуудын удам угсаатай шууд холбоотой болох Нэгдсэн Провинс улс Их Британитай дайны байдалтай байв. Харин Жон де Витт өөрийн улс төрийн ур ухааныг чадварлагаар харуулан хоёр улсн хооронд энхийн хэлэлцээр байгуулж чадсан байна. Уг явдлын дараа Голланд улсын хувьд жинхэнэ хөгжил цэцэглэлтийн үе эхэлж Голланд улс нь Европын тэргүүлэх хүч болон хувирчээ. Амстердам хот нь зүүн энэтхэг компаниар дамжуулан Ази тивийн худалдааны бараг бүхий л замыг төвлөрүүлэн нэгтгэж дэлхийн худалдааны төв хот болсон байна. Хийсэн бүхэн нь ард түмний нүдэн дээр ил байсан тул 1658,1663,1668 онуудад тус тус гурван удаа төрийн тэргүүнээр сонгогджээ. Голланд улс гадаад бодлогын хувьд бүх улсуудтай эв найрамдалтай байсан боловч Франц болон Их Британы хооронд хор хутгаж хүчирхэг улсуудыг хооронд нь алалцуулдаг байв. Тэрээр нэр хүндээрээ далимдуулан хааны удмынхны эрх мэдлийг үндсэн хуулийн замаар хязгаарласаар байсан юм.

Дайсагнал хийгээд зөрчил тэмцэл

Их Британи болон Голланд улсуудын хооронд улс төрийн бага зэрэг маргаан байдаг байсан боловч тэрээр үүнийг энхийн замаар шийдвэрлэсээр иржээ. 1665 онд дайн хийхэд хүрсэн боловч уг дайнаас гагцхүү тэр л сэргийлж чадсан байна. Гэвч 1672 оны нэгэн өдөр Францын эзэн хаан Луис XIV Голландын бүгд найрамдах улс уруу гэнэтийн дайн зарлаж улс бүхэлдээ эмх замбараагүй байдалд хучигдав. Үүнээс үүдэн Их Британи ч Голландад дайн зарлаж Франц болон Их Британы хамтарсан хүч Голландыг тал талаас нь довтолж эхлэв. Далайд хэдийгээр Голландууд хүчирхэг байсан боловч хуурай газарт Францчуудын өмнө тасралтгүй ялагдал хүлээж байгаа нь ард түмнийг нь цөхөрхөд хүргэсэн байна. Ийнхүү Жон де Виттын эрх мэдэл нурж эхэлжээ.

Хэрцгий төгсгөл

Голландын их газрын армын ялагдалд ард түмэн нь Виттыг буруутгаж илүү хүчирхэг удирдагч үгүйлэх болжээ. Ийнхүү хааны удмын Виллиам III эрх мэдлийг ард түмнийхээ тусламжтайгаар авч бүгд найрамдахчуудыг түлхэн унагаж Виттын ах болон Корнелиусыг эхний ээлжид баривчилсан байдаг. 1672 оны 8-р сарын 4-ны өдөр Витт албан тушаалаасаа огцрох бичигт гарын үсгээ зуран өөрийн ахыг эргэхээр шорон уруу явжээ. Гэвч түүнийг шорон уруу явахыг зохион байгуулалт гэмт бүлэглэл аль хэдийнээ мэдээд очих газарт нь урьд занга бэлдэн хүлээж таарсан юм.

Түүнийг очиход харуулууд огт байгаагүй бөгөөд гэнэт хэсэг бүлэг хүмүүс ахыг нь чирч гарч ирсэн байна. Виттыг харсан даруйдаа тэд барьж аван тэднийг амьдаар нь хэдэн хэсэг болгон тастаж алсан бөгөөд үхсэнийх нь дараа махыг нь шарж ойролцоох тосгоны иргэд бүгдээрээ нийлэн амтархан идсэн байдаг. Энэ тухай Францын их бичгийн хүмүүн Александр Дюма хүртэл тэмдэглэн үлдээжээ. Тухайн цаг үед гэмт этгээдүүд хэрхэн шорон уруу нэвтэрсэн нь тодорхойгүй ч эзэн хаан Виллиам III эдгээр гэмт хэрэгтнүүдэд ямар ч ял оноогоогүй юм. Магадгүй энэ бүхэн хааны зохион байгуулсан нууц ажиллагаа байж ч болох юм. Одоо тус улсад Жон де Виттын гурван хөшөө байдаг бөгөөд тэднийг цөм 20-р зуунд барьжээ.

Эх сурвалж: Tuuh.mn