Фашистын Германыг бут ниргэсний 70 жилийн ойн баяр ойртох тусам судлаачид хүн төрөлхтөний түүхэнд хамгийн аймшигтай дайн хэмээн бичигдсэн тэрхүү цуст мөргөлдөөнөөс болж үүссэн хор хохирлыг санан дурсах нь олшров. Европт, тэр дундаа Германы нутаг дэвсгэрт Дэлхийн II дайны сүүл үе болон дайны дараа болж байсан зүйлийг эрдэмтэд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн үй олноор хүчирхийлсэн балмад үйлдэл хэмээн нэрлэдэг билээ. Мэдээж, чухам яг хэдэн эмэгтэй хүчиндүүлсэн вэ гэх нарийн тоо баримт байдаггүй нь ойлгомжтой. Тиймээс судлаачдын өгүүлж байгаа тоо баримтууд янз бүр байдаг аж. Хэдэн мянгаас хэдэн сая хүртэлх эмэгтэйг хүчирхийлсэн гэж үздэг байна.

Барууныхан болохоор бүх хүчиндэлт Зөвлөлтийн дайчдын булаан эзлэсэн Германы зүүн хэсэгт болсон хэмээн мэдэгддэг. Тэгвэл өөр бодолтой хүмүүс ч байдаг юм. Нөгөө талд буюу Баруун Германд Зөвлөлтийн холбоотнууд бэлгийн дур хүслээ түүнээс дутахгүйгээр хангаж байсан мэдээ бий. Жишээ нь, Германы түүхч Мириам Гебхардт Дэлхийн II дайны сүүлээр болон дараа нь зөвхөн Америкийн цэрэг эрс л гэхэд бараг 200 мянган герман эмэгтэйг хүчирхийлсэн гэж мэдэгджээ.

Европын тэн хагасыг фашизмын тахлаас чөлөөлсөн Зөвлөлтийн цэрэг эрсийн янз бүрийн үйлдэл олонтаа дурдагддаг билээ. Тэд Германы булаан эзлэгчид ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр хэрхэн зэрлэг аашилж байсныг мэдэх учраас хариугаа яг тэр байдлаар нь авахыг хүсэж байсан нь ойлгомжтой юм. Дээр нь тэд “хар” атаархалд автсан байсан биз ээ. Бут ниргэгдсэн хэдий ч германчууд ялалт байгуулсан хүмүүсээс хамаагүй сайхан амьдарч байжээ. Гэхдээ тэд дайны өмнө элбэг хангалуун, дэндүү атаархмаар сайхан амьдралтай байв. Дээр нь Барууны түүхчид оросуудыг доогуур ёс суртахуунтай, соёлын хоцрогдолтой байсан гэж хэлдэг.

Үнэн бодит байдлаас мултарч чадаагүй Барууныхан холбоотнуудын эзлэн авсан бүс нутагт ч герман эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал цөөнгүй байсныг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэдгээр нь цөөн тооных байсан бөгөөд тэдгээрийг үйлдсэн нөхдүүд хатуу шийтгэл амсдаг байсан гэж ярьдаг юм. АНУ-ын криминалистикийн профессор эрдэмтэн Роберт Лилли Америкийн цэргийн архивуудад судалгаа хийгээд 1945 оны 11 дүгээр сар гэхэд цэргийн шүүх Германд Америкийн цэрэг эрсийн үйлдсэн бэлгийн шинж чанартай ноцтой 11040 хэргийг авч хэлэлцсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн 2003 онд бичсэн “Хүчинд автагсад” номондоо дурдсан юм.

Барууны холбоотнууд мөн адил ёс бусын үйлдэл хийж байсан гэдэгтэй Их Британи, Франц, АНУ-ын бусад түүхчид ч санал нэг байдаг аж. Гэхдээ тэд тэдгээр тохиолдол маш цөөн тоогоор үйлдэгдэж байсан бөгөөд Зөвлөлтийн бүс нутагт болж байсан зүйлээс хамаагүй бага байсан гэдгийг заавал ч үгүй онцлон тэмдэглэдэг байв.

Ганц ширхэг шоколадаар явагсад

Барууны түүхчид ямар ч шүүх хүлээн зөвшөөрөхгүй тийм нотолгоонуудын тусламжтайгаар эдгээр ёс бус үйлдлийн бүх бурууг Зөвлөлтийн цэрэг эрсэд тохохыг оролддог гэнэ. Ингэж муйхарлан зүтгэдэг байсан хүмүүсийн нэг бол Их Британийн түүхч, зохиолч Энтони Бивор билээ. Тэрбээр Дэлхийн II дайны түүхийг судласнаараа Баруунд гайхагддаг нэгэн. Мань хүн Барууны цэрэг эрс, тэр дундаа америк цэргүүд герман эмэгтэйчүүдийг хүчиндэх ямар ч шаардлага байгаагүй хэмээн үзжээ. Учир нь, тэд фройляйнуудыг “панаалдах” хэмжээний бүх зүйлийг хангалттай эзэмшиж байсан гэнэ. Тэдэнд нөөшилсөн мах, кофе, янжуур тамхи, шилэн оймс зэрэг зүйл хангалттай байсан аж. Барууны түүхчид ялагчид болон герман хүүхнүүдийн хооронд болж байсан бэлгийн харьцаануудын дийлэнх нь сайн дурын шинж чанартай, өөрөөр хэлбэл энэ нь ердийн янхандалт байсан гэж үздэг юм.

Тиймдээ ч тухайн үед нэгэн хошин яриа гарчээ. Түүнд “Германы хүчирхэг армийг буулгаж авахын тулд америкчуудад бүхэл бүтэн зургаан жил шаардагдсан бол Германы эмэгтэйчүүдийг өөрийн болгохын тулд ганцхан өдөр, бас ганцхан ширхэг шоколад л хангалттай байлаа” хэмээн өгүүлдэг билээ. Гэтэл байдал Энтони Бивор болон түүний талыг баримтлагчдын өгүүлэхийг оролдож байгаа шиг тийм сайхан байсангүй. Дайны дараахь нийгэм сайн дураараа болон хүчээр бэлгийн харилцаанд орж байсан явдлыг ялгаж салгах чадваргүй байсан юм. Өлсөж үхэхгүйн тулд ганц ширхэг нөөшилсөн махаар биеэ худалдаж байсан нэгэн байхад гар буу юм уу автоматын сүрдүүлэг дор хүчиндүүлж байсан эмэгтэйчүүд ч байсан нь дамжиггүй билээ.

 

Хохирогчид болон ламтнуудын яриа

Энэ бүхэн дэндүү гоё сайхан дүрслэгдсэн зүйл гэдгийг Германы баруун өмнөд хэсэгт орших Констанцын их сургуулийн түүхийн тэнхимийн профессор эрдэмтэн Мириам Гебхардт чангаар мэдэгдсэн юм. Тэрбээр “Цэрэг эрс ирэх үед” гэдэг нэртэй номоо бичихээс өмнө түүний нэр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Алиса Шварцер, Германы эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөний тухай судалгаануудаараа эрдэмтэн мэргидийн дунд танил болоод байсан аж. Мэдээж, шинэ номоо бичихдээ энэ эрдэмтэн эмэгтэй Зөвлөлтийн цэрэг эрсийг хамгаалж, нэрийг нь цайруулах оролдлого хийгээгүй нь ойлгомжтой билээ. Үнэн бодит байдлыг тогтоож, түүхийн шударга явдлыг тунхаглах нь түүний гол зорилго юм.

Түүний бичсэн “Цэрэг эрс ирэх үед” ном “Дэлхийн II дайны дараа Германыг булаан эзлэсэн холбоотны дөрвөн армийн цэрэг эрс дор хаяж 860 мянган эмэгтэйчүүд, охид, хүүхнүүд, эрчүүд болон хөвгүүдийг хүчирхийлсэн билээ. Энэ бусармаг явдал хаа сайгүй болж байсан юм…” гэж эхэлдэг байна. Номынхоо нээлтэд зориулж хийсэн хэвлэлийн бага хурал дээр Гебхардт профессор “Барууны холбоотны армийн цэрэг эрс Улаан армийн дайчдаас дутуугүй нүгэлтэй билээ. Би энэ номоо бичихийн тулд жил хагасын туршид материал цуглуулсан. Би энэ номыг хохирогчдын өмнөөс өгүүлэхээр шийдсэн юм. Болж өнгөрсөн тэр бузар үйл явдлуудыг аль болох зөөлрүүлж бичихийг оролдлоо…” хэмээн хэлжээ.

Мириам Гебхардт америк, британи, франц цэрэг эрсийн байгуулсан “гавьяа”-ны хохирогч болох хэд хэдэн хүнийг эрж олоод тэднээс ярилцлага авсан байна. Америк эрсээс болж хохирсон нэгэн эмэгтэйн яриа ингэж эхэлдэг. “Бүрэнхий болж байхад манай тосгонд зургаан америк цэрэг ирээд Катерина В гэдэг эмэгтэй өөрийн 18 настай Шарлотта охинтойгоо амьдардаг байшин руу орсон. Урилгагүй зочид ирэхээс өмнө тэд амжиж зугтсан ч цаадуул нь мөчөөгөө өгөөгүй юм. Тэд ийм зүйлийг анх удаагаа хийж байгаа хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой байлаа. Америкчууд бүх байшинг нэгбүрчлэн нэгжсэн бөгөөд бараг шөнө дунд болж байхад зугтсан эмэгтэйчүүдийг хөрш айлынх нь пингээс олсон билээ. Тэд эмэгтэйчүүдийг чирч гаргаад орон дээр шидлэн хүчирхийлж эхэлсэн. Шоколад, шилэн оймсны оронд дүрэмт хувцас өмссөн хүчирхийлэгчид гар буу болон автоматаа гаргаж ирсэн юм…”.

Энэ бүлэг хүчингийн хэрэг дайн дуусахаас сар хагасын өмнө буюу 1945 оны гуравдугаар сард үйлдэгджээ. Айж, балмагдсан Шарлотта охин ээжийгээ дуудан орилж байсан ч Катерина өөрөө америк цэрэг эрийн дор хөдөлж ч чадахгүй хэвтэж байсан гэдэг… Уг номонд иймэрхүү тохиолдлыг цөөнгүй бичжээ. Эдгээр нь бүгд Германы өмнөд хэсэгт үйлдэгдсэн юм. Тэнд америк цэрэг эрс дур зоргоороо аашилж байсан билээ. Америк цэргийн тоо тэр үед 1.6 саяд хүрч байжээ. 1945 оны хавар Мюнхен болон Фрайзингийн цорж ламтан өөрийн удирдлага дор байсан бүх ламтанд Баварийн нутаг дэвсгэрийг булаан эзлэсэнтэй холбоотой бүхий л үйл явдлуудыг баримтжуулж авахыг тушаасан гэдэг. Хэдэн жилийн өмнө эдгээр архивын бичиг баримтын зарим хэсэг олон нийтийн хүртээл болсон юм.

Берхтесгаден хотоос холгүйхэн оршдог Рамсау тосгоны ламтан Михаэль Мерксмюллер 1945 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Өнөөдөр найман бүсгүй, эмэгтэй хүчинд автлаа. Ингэхдээ зарим нэгийг нь эцэг, эхийнх нь нүдэнд дээр бузарлаж орхив…” хэмээн бичжээ. Өдгөө Мюнхен хотын нисэх онгоцны буудал оршиж байгаа яг тэр газар байсан Хаага-ан-дер-Ампера гэдэг жижигхэн тосгоны ламтан Андреас Вейнганд 1945 оны долоодугаар сарын 25-ны өдөр “Америкийн арми давшилтад орох үеэр тохиолдсон хамгийн гунигт үйл явдал бол хүчингийн гурван хэрэг байлаа. Согтуу цэрэг эрс нөхөртэй нэг эмэгтэйг, ганц бие нэг эмэгтэйг, 16 нас дөнгөж хүрсэн охиныг бузарлаж орхилоо” хэмээн бичсэн аж. Мосбург хотын ламтан Алоис Шимль 1945 оны 08 дугаар сарын 01-нд “Цэргийн түр захиргааны газрын тушаалаар байшин болгоны үүдэн дээр бүх оршин суугчдын нэрс настайгаа хамт бичигдэх ёстой боллоо. Хүчиндүүлсэн 17 охин, эмэгтэй эмнэлэгт хүргэгдэв. Тэдэн дунд америк цэрэг эрсийн бах тавыг хэд хэдэн удаа хангасан хүмүүс ч байна… хэмээн бичжээ. Ламтнуудын бичиж үлдээсэн бичиг баримтуудыг судлаад үзвэл янки нарын хохирогчдын хамгийн залуу нь 7 настай, настай нь 69-тэй байсан аж.

Бүгд хүчирхийлж байв

“Цэрэг эрс ирэх үед” ном номын дэлгүүрүүдийн лангуун дээр гуравдугаар сарын эхээр тавигдсан даруйдаа шууд л халуун яриа, мэтгэлцээнийг дагуулсан юм. Үүнд гайхаад байх зүйл үгүй билээ. Учир нь, хатагтай Гебхардт дайн дэгдээсэн, түүнээс болж дэндүү ихээр хохирсон хүмүүсийн харилцаа маш хурцадмал байдалд ороод байх үед уг номоо бичин гаргажээ. Гебхардт хатагтай номондоо янки нарын байгуулсан баатарлаг “гавьяа”-нуудыг голчлон өгүүлсэн хэдий ч Барууны бусад холбоотнууд ч бусармаг үйлдэл цөөнгүй үйлдэж байсан аж. Гэхдээ тэд америкчуудыг бодвол харьцангуй “томоотой” байжээ. Америк цэрэг эрс 190 мянган герман эмэгтэйг хүчирхийлсэн тоо гарав.

Номыг зохиогчийн бичсэнээр бол 1945 онд Германд Их Британийн цэрэг эрс хамгийн сахилга баттай байсан гэнэ. Ялангуяа Британийн офицерууд сахилга батыг чандлан сахихыг шаардаж байсан аж. Тэд өөрсдийн удирдлагад буй цэрэг эрсэд нутгийн эмэгтэйчүүдэд халдахыг хатуу хориглосон бөгөөд тушаал биелүүлээгүй хүмүүсийг хатуу шийтгэж байжээ. Ийм учраас л Британийн цэрэг эрсэд боломж бага гарсан нь ойлгомжтой.

Францчуудын хувьд байдал арай өөр юм. Францыг германчууд булаан эзлэсэн хэдий ч ЗХУ-ыг бодвол бага сүйтгэж, доромжилсон билээ. Францын армийн хүчирхийлэгчдийн дийлэнх нь хар арьстнууд байсан гэдэг. Тэд цагаан хүүхнүүдийг хараад байж ядаж байсан нь дамжиггүй. Францын цэрэг эрс Штутгарт хотод жинхэнэ утгаараа “гавьяа” байгуулжээ. Тэд тус хотын эмэгтэйчүүдийг метрон дотор оруулаад гурван хоногийн туршид хүчирхийлсэн байна. Зарим нэг мэдээллээр бол энэ хугацаанд 2-4 мянган охид, эмэгтэйчүүдийг хүчиндсэн аж.

 

Яг таг тоо баримт бий юу?

Янки нарын үйлдэл оросуудынхаас огт ялгарч байгаагүй бөгөөд сэдэл нь ч гэсэн ойролцоо байсан гэдгийг эрдэмтэн Мириам Гебхардт хэлжээ. Эльба мөрөн дээр уулзсан зүүний холбоотнуудынхаа адилаар Америкийн цэрэг эрс германчуудын үйлдсэн зэрлэг хэргүүдэд цочирдон, эцсээ хүртэл үзэлцэж байсанд нь бачуурсан гэдэг. Улаан армийн цэрэг эрсийн адилаар тэдэнд Германы амьдралын түвшин өндөр байгаа нь таалагдаагүй аж. Дээр нь суртал ухуулга чухал үүрэг гүйцэтгэв. Түүгээр бол герман хүүхнүүд далайн чанадаас ирсэн чөлөөлөгчдөд нугасгүй байжээ. Энэ бүхэн эмэгтэй хүний хайр, энхрийллийг удаан хугацаанд амсаагүй цэрэг эрсийн эротик уран сэтгэмжийг илүү өдөөж байсан гэдэг.

Мириам Гебхардтын цацсан үр бэлэн боловсорсон хөрсөнд шууд унажээ. Хэдхэн жилийн өмнө Афганистан болон Ирак улсуудад Америкийн цэрэг эрсийн үйлдсэн гэмт хэргүүдийн дараа Барууны түүхчид янки нарын үйл хөдлөлд илүү шүүмжлэлтэй хандах болсон юм. Америк цэрэг эрс Иракийн Абу-Грейб шоронд зэрлэг харгислал үйлдэж байсан нь ил болсон билээ. Судлаачид архивын бичиг баримт ухаад америкчууд Италийн сүм хийдүүдийг хэрхэн тонож байсан, энгийн номхон иргэдийг хэрхэн хороож байсан, Германы олзлогдсон цэргүүдийг яаж тарчлааж байсан, итали хүүхнүүдийг хэрхэн хүчиндэж байсныг мэдэж авчээ.

Гэхдээ л америк цэрэг эрсэд хандах хандлага өөрчлөгдөх нь удаан байгаа юм. Германчууд одоо ч тэдэнд сахилга баттай, боловсон гэх нэрийг өгсөөр байгаа билээ. Америкчууд хүүхдүүдэд бохь, эмэгтэйчүүдэд шилэн оймс бэлэглэж, буян үйлдэж байсан гэж тэд үздэг аж. Гэхдээ л “Цэрэг эрс ирэх үеэр” номонд дурдсан нотолгоонууд төдий л хангалттай санагдаагүй бололтой. Хэн ч тоо баримтыг тогтоогоогүй, бүх тооцоолол бүдэг бадаг, ойролцоо байгаа билээ. Бавари мужид хүчингийн маш олон хэрэг үйлдэгдсэн гэдгийг хатагтай Гебхардт өгүүлжээ.

Тэрбээр 1950-иад оны дундуур Баруун Герман болон Баруун Берлинд төрсөн цэргүүдийн хүүхдүүдийн таван хувь нь хүчингийн хэргийн үр төл байсан гэдгийг тооцоолов. Ингэж тооцвол цэргүүдээс гарсан 1900 хүүхдийн эцэг нь америк цэргүүд болж таарна. Улмаар тэрбээр мэндэлсэн хүүхэд болгонд дунджаар 100 хүчингийн хэрэг ноогдоно гэж үзвэл 190 мянган хүчингийн хэрэг үйлдэгдсэн гэж тооцжээ.

 

Хоёр дахь булаан эзлэлт

Эрдэмтэн Мириам Гебхардтын хийсэн дүгнэлт болон түүний гаргаж тавьсан тоонд мэдээж эргэлзэх нь дамжиггүй билээ. Гэхдээ л америк цэрэг эрс тийм бусармаг зүйл хийж байсан гэдэг нь үнэн билээ. Учир нь, тэд энэ үйлдлээ дайсагналцаж байсан Германд төдийгүй холбоотон улс болох Францад ч хийж байсан юм. Америкийн армийн цэрэг эрс германчуудаас чөлөөлснийхөө дараа олон мянган франц эмэгтэйчүүдийг хүчиндсэн аж.

“Цэрэг эрс ирэх үеэр” номд янки нарыг Германы түүхч эрдэмтэн буруутгаж байгаа бол түүнээс дутуугүй шуугиан тарьсан “Цэргүүд юу хийж байсан вэ?” гэдэг номд Америкийн Висконсины их сургуулийн түүхийн профессор Мэри Робертс мөн үүнийг хөнджээ. “Хүмүүсийн боддогчлон америк цэрэг эрс сахилга бат сайтай байгаагүй юм. Тэд хаана ч, хэнтэй ч секс хийхэд бэлэн байв. Банзал өмссөн хүн болгоныг тэд өлөн нүдээр харж байлаа” хэмээн Мэри Робертс бичсэн аж. Профессор Робертстой маргаад хэрэггүй биз ээ. Учир нь, тэрбээр зүгээр нэг таамаг тооцооллуудыг гаргаж тавилгүй харин бодит зүйлийг бичсэн юм. Архивын бичиг баримтад өгүүлэгдсэнээр бол Францад үйлдсэн хүчингийн хэргийнхээ төлөө Америкийн 152 алба хаагч шүүгдсэн бөгөөд тэдний 29-ийг нь дүүжлэн хороожээ.

Хөрш зэргэлдээх Герман Улстай харьцуулбал мэдээж энэ тоо дэндүү бага ч тохиолдол болгоны цаана хүний хувь заяа байгаа гэдгийг мартаж болохгүй. Дээр нь энэ бол зөвхөн албан ёсны статистик тоо бөгөөд мөсөн уулын ердөө оргил хэсгийг л ил болгов. Мөн хүчиндүүлсэн эмэгтэйчүүд гомдол эрэн цагдаа нарт хандаж байсан нь маш цөөн аж. Тэд ичиж зовсондоо цагдаад ханддаггүй байжээ. Учир нь, тэр үед эмэгтэй хүн бузарлагдана гэдэг насан туршийн шившигт тооцогддог байсан юм.

Далайн чанадаас ирсэн хүчирхийлэгчдэд Франц Улсад өөр сэдлүүд байсан билээ. Франц хүүхнүүдийг хүчирхийлэх нь тэдний олонхид нь хуучнаа эргэн дурссан сайхан зүйл мэт санагддаг байлаа. Америк цэрэг эрсийн дийлэнхийнх нь аавууд Дэлхийн I дайны үед Францад тулалдаж явсан аж. Тэд гэртээ хариад франц хүүхнүүдтэй хэрхэн зугаацаж, бахаа хангаж байсан талаараа гайхуулан ярьж байсан нь мэдээж юм. Ер нь бол америкчууд Франц Улсыг үлэмж том янхны газар мэтээр ойлгодог байжээ. Багагүй нөлөөг “Одод болон мөрдөс” гэх мэтийн цэргийн сэтгүүлүүд үзүүлсэн аж. Тэдгээр дээр тачаангуй байдалтай франц хүүхнүүд чөлөөлөгсдийг шуналтайгаар озон үнсэж байгаа гэрэл зургуудыг нийтлэдэг байв. Иймээс холбоотнууд 1944 оны зун Нормандад хөл тавиут Францын хойд хэсэг эрчүүдийн хагсаагаа гаргах өргөн талбар болсон билээ. Чөлөөлөгчид Гавр хотод дэндүү балмад аашилжээ. Америк цэрэг эрс тус хотод өдөр, шөнийн алинд ч элдэв янзын хэргүүдийг үйлдэж байсан гэдэг. Олон нийтийн газар хүчингийн хэрэг үйлдэгдэж, дээрэм тонуул, хулгай зэлгий ихээр гарч байлаа.

Америкчууд Францад булаан эзлэгчид шиг л аашилж байжээ.

Мэдээж, хариуд нь францчууд ч зүгээр байсангүй. Францын ард иргэд “Бид чөлөөлөгдсөн бус харин дахин булаан эзлэгдлээ” гэж халаглаж байсан гэдэг. Францын биеэ үнэлэгчид герман үйлчлүүлэгчдээ сайнаар дурсаж байсан бол америк цэрэг эрсийг таагүй үгээр хэлж байв. Янки нар биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авчихаад хэтэвчийг нь халааслаад алга болдог байжээ. Америкийн 29 цэрэг франц биеэ үнэлэгчдийг хороосныхоо төлөө цаазаар авахуулсан аж. Улангассан цэрэг эрсээ тайвшруулахын тулд дээд удирдлага нь цэргийн бие бүрэлдэхүүн дотроо хүчингийн хэргийг буруушаасан ухуулах хуудсуудыг хүртэл тарааж байжээ. Цэргийн прокурорын газар тэдэнд айхтар чанга хандаж байгаагүй аж. Дэндүү зэрлэг, балмад аашилсан нөхдүүдийг л шүүхээр оруулж байлаа. Тэр үед Америкийн цэргийн удирдлага арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг таалан дэмждэг байсан нь дараахь тоо баримтуудаас харагдах болно. Цэргийн шүүхээр орсон 152 цэрэг, офицерын 139 нь хар арьстан байсан гэдэг.

Эх сурвалж: Tuuh.mn