Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн харъяат Ц.М, Д.Ш, Б.О, Л.М нар нь 8 тооны тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эдгээр тул  нь 0,8м-1м хүртлэх урттай бөгөөд тул загас барьсан этгээдүүдэд Нэн ховор амьтны тусгай зөвшөөрөлгүй агнасан барьсан хэмээн  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах тухай зааж өгсөн байдаг. 

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

Тиймээс иргэд загас барихгүй байж гэмт хэрэгтэн болохоос сэрэмжилнэ үү.