Ц.Нямдорж уурандаа багтарч, “галзуурах” шахаж явна. Тодруулбал, Засгийн газрын өчигдөрийн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан руу шүлсээ үсчүүлэн зандарчээ.

Тэрбээр Эрдэнэтийн шүүх хуралд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхныг “Битгий оч. Хурлыг хойшлуул” гэсэн үүрэг даалгаварыг өгсөн байж. Гэтэл нөгөөдүүл нь очсоноос болж, шүүх хуралд ялагдсан хэмээн тэрбээр бухимдаж, ийнхүү уцаарлажээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчирсан “Монголын зэс” корпораци ХХК-ийн эрхийг дахин баталгаажуулсан Дээд шүүхийн шийдвэртэй мань сайд эвлэрч чадахгүй хар дарсаар яваа бололтой юм. Хувийн хэвшлийн хувийг хууль бусаар булаан авсан Засгийн газрын шүүхийн маргаан хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэний эцэст дээрх компанийн талд шийдвэр гаргасан билээ. Харин Хуульт зүй, дотоод хэргийн сайдын үзэл бодол Дээд шүүхийн шийдвэртэй зөрчилдөөд тун ч хэцүү яваа нь энэ аж.

Ямартаа хэт бухимдсан мань хүн шүүх хурлыг хойшлуул гэсээр байтал очсон нь санаатай үйлдэл төдийгүй Т.Бадамжунайгийн явуулга хэмээн бархирсан байна. МАН-ын нөлөө бүхий эрхэм Т.Бадамжунай “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд байлгах нь зүйтэй гэж үздэг нэгэн тул охиноороо дамжуулан зориуд шүүх хуралд ялагдсан хэмээн эрхэм сайд ам алдан айлдсан гэнэ. Үнэндээ ч Т.Бадамжунайгийн охин Б.Гаваа өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа хууль зүйн хэлтсийн даргаар ажилладаг. Энэ ч утгаараа томоохон томилгоо, чухал шийдвэрүүдэд Т.Бадамжунайгийн нэр сүүдэр мэт дагалдах нь бий. Тиймдээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайдыг хүртэл бухимдуулаад амжих вэ дээ.

Юутай ч сайдын бухимдал МАН доторх чөтгөрийг сэрээв бололтой.

Эх сурвалж : niigmiintoli.mn