-НАМЫНХАН НЬ ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТЫГ ХАМААТУУЛАН ХАРДАЖ БАЙНА-

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн булхай, луйврын хэргийг дээд нөхөд хэзээний мэддэг, мөн төдийгөөс өдий хүртэл нуун дарж ирсэн хэрнээ гэнэт яагаад ийн өндөг хагарах мэт болж мэдээллүүд нь гадагш урсав гэх асуулт зээл авсан дарга, гишүүдийн толгойны өвчин болж байна.

Тэд дундаасаа хэн нэгнийг, бараг урдуураа өнгөрсөн улаан хөлт бүрийг сэжиглэж эхлэв. Гэхдээ сэжиг сэжгийн дундаас УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарыг онцлон хардаж байна. Учир нь эл мэдээллийн өмнөхөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд гэж нөхрийн тухай, түүний ахалдаг төслийн багт аудит оруулах, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ямар нэг холбоо сүлбээгүй бол шалгаач гэх шаардлага хэвлэлүүдээр хүчтэй явж байсан билээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нэртэй 300 гаруй сая ам.долларын төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат тус төслийн санхүүгийн ажилтнаар өөрийн хүн Д.Авирмэдийг шургуулж байсан ч өнөөх нь төслийн дотоод мэдээлэл задруулсан гэх асуудлаар төслөөсөө хөөгдөн эрхэм сайдын чихийг халууцуулж байж. Гэвч 300 гаруй сая ам.долларын өртөгтэй энэ том төслийн багийг өөрийн хүнгүйгээр төсөөлж чадахгүй байсан Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болж Засгийн газрыг тэргүүлэх үедээ мөнөөх хөөгдөж туугдсан Д.Авирмэдийг эргэн залж, залахдаа бүр даргаар нь авчраад тавьчихсан гэж байгаа. Маш өндөр хүүтэйгээр эргэн төлөгдөх эл төслийн зээлийн зарцуулалт, 2014 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлсэн нэртэй урагш ахихгүй байгаа төслүүд дээр нь аудит оруулахыг шаардсан нөхдийнхөө эсрэг мань эрс ийнхүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн ноцтой фактуудыг дэлгэлээ хэмээн фракциуд дотроо хэмлэлдэж эхэлсэн гэнэ.

Түүнчлэн энэхүү төсөл рүү шалгалт оруулснаараа тун удахгүй суудлаа тавьж өгөх Су.Батболдын рейтингийг улам бүр шалтай арчина гэж үзсэн бололтой. Учир нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нэрт төслийн багийнхан Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт хянагдаж, удирдагдах ёстой атал тэндээ хэтэрхий даам гарчихсан, хянуулах байтугай хамтдаа биллиард цохьсон шигээ чөлөөт цагаа өнгөрүүлж явдаг нь хотын мээр Су.Батболдын нөлөө гэдэг аж. Энэ бүхнээс илүүтэй Сангийн сайд байхдаа Оюутолгойн 2010-2014 онуудын татварын зөрчлийг Оюутолгойн талд ашигтайгаар шийдэж, шууд хүлээн зөвшөөрч, 2 тэрбум ам.долларын асуудлыг үгүй хийсэн, мөн нарийн хөөвөл Дубайн гэрээнд ч чирэгдэж мэдэх Ж.Эрдэнэбатыг нөхөд нь шууд хардаж байна.

Тэр л 300 гаруй сая ам.долларын өртөгтэй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн багт шалгалт оруулах ажилд тээг болж, эцэстээ бусад нөхдийнхөө булхайг ийнхүү дэлгэсэн гэж үзэж байгаа бололтой.

niigmiintoli.mn