Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ. Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр П.Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олж мэдээлсэн байна.

Эрээн дэх Консулын газар зохион байгуулж нас барсан иргэний цогцсыг Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач үл мэдэгдэх бодист хордсон байж болзошгүй гэжээ. Талийгаач нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 7 дугаар багт оршин суудаг, тус улсад худалдаа хийхээр очоод 3 хонож байсан аж.