19-р зуунд амьдарч байсан Францын нэрт яруу найрагч Шарль Бодлерийн амиа хорлох тухайгаа бичсэн захидал өнгөрсөн ням гарагт болсон дуудлага худалдааны үеэр 267 мянга орчим ам.доллараар зарагдсан нь тооцоолж байснаас гурав дахин өндөр үнэ хүрсэн байна.

“Нүглийн цэцэгс” шүлгийн номоороо олонд танигдсан Ш.Бодлер 24 насандаа дээрх захидлыг эхнэр Жеанне Дювальд бичиж байжээ. 

“Чамайг энэ захидлыг авах үед би үхсэн байх болно...” хэмээн эхэлсэн уг захидал “...Би өөрийгөө үхэшгүй гэдэгт итгэн амиа егүүтгэж байна” хэмээн төгсжээ.

Тухайн үед яруу найрагч өрөнд орсон байсан бөгөөд алдар нэрд гараагүй байжээ. 1845 онд буюу захидлыг бичсэн өдрөө Ш.Бодлер өөрийн цээжин тус газраа хутгалсан боловч хүнд гэмтээгүй юм.

Яруу найрагч ахин 22 жил амьдарсан бөгөөд энэ үедээ хамгийн алдартай шүлгүүдээ бичжээ. Тэрбээр 1867 онд 46 насандаа таалал төгссөн юм.

Дуудлага худалдааны “Osenat” төвийн мэдээлснээр, энэхүү захидал нь Ш.Бодлерийн ер бусын бүтээлүүдийн нэг маргаангүй мөн бөгөөд үүнийг 68-91 мянган ам.долларын үнэд хүрнэ хэмээн тооцоолж байсан аж. 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг