Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47.4 дүгээр зүйлд,  ашигт малтмалын 23 нэр төрлййн  бүтээгдэхүүнд тухайн бүтээгдэхүүн тус бүрийн  зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч тогтмол ногдуулдаг 5 хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан тодорхой хувиудыг нэмж тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахаар заасан.

Эдгээрээс зэсийн хүдэр болон баяжмалд ногдуулж буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн нэмэлт хувийг бусад төрлийн бүтээгдэхүүнд ногдуулж буй хувьтай харьцуулахад даруй 3-21 дахин өндөр, тухайн бүтээгдхүүний олон улсын зах зээл дэхь үнэ өсөх тусам үйлдвэрлэгчдэд хохиролтой байгаа нь татварын дарамт болоод байгаа билээ.

Тухайлбал зэсийн баяжмалын хувьд 5000$/тн байх үед АМНАТ-ийг 5%-иар тооцож 250 ам.долларыг төлөх ба уг төлбөрийг төлсний дараах үнэлгээ 4750 $/тн болно. Харин зэсийн үнэ нэгхэн центээр нэмэгдэж, 5000.01 $/тн болох үед АМНАТ-ийг 16%-иар (5%+11%) тооцож 800 ам.долларыг төлөх ба уг төлбөрийг төлсний дараах үнэлгээ 4200.01 $/тн болно. Өөрөөр хэлбэл зэсийн  үнэ 5000$-оос 5000.01$ болж ганцхан центээр өсөх үед АМНАТ-ийн хэмжээ 250$-оос 800$ болж 550$-оор нэмэгдэн, үйлдвэрлэгчдэд очих ашгийн хэмжээ 550$-оор  буурч, тэр хэмжээгээр үйлдвэрлэгч хохирно.

Австрали, Канад зэрэг өндөр  хөгжсөн улс орнуудын уул уурхайн татварын туршлагаас үзэхэд, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч нэмж ногдуулах татварын норматив хувь, суурийг тооцохдоо  эрдэс баялгийн салбар дахь бусад татварын хувь хэмжээтэй  харьцуулалт хийж, олборлолтын зардал, бодит ашиг зэрэгтэй уялдуулан нарийвчлан тооцоолж тогтоодог  байна.

Гэтэл тооцоо судалгаагүй өндөр хувь хэмжээгээр тогтоосон АМНАТ-ын нэмэлт төлбөр нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн хувьд томоохон татварын дарамт болж байна.

Тухайлбал,

         “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 376 орчим сая ам.долларын буюу нийт борлуулалтын орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлагдсан өр, зээл, бэлэн мөнгөний хомсдолтой болсон.

         Үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэрт агуулагдаж буй зэсийн агуулга жилээс жилд буурч, чанар буурахын хэрээр зардал өсч, ашигт ажиллагааны түвшин буурч, улмаар ашиггүй ажиллах бодит эрсдэлийг бий болгосоор байна.

Иймд эрдэс баялгийг өмчлөгч, хөрөнгө оруулагч хоёрын ашиг сонирхлын огтлолцол дээр татварын бодлого, хуулийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн оновчтой боловсруулах зүй ёсны шаардлага үүсч байгаа юм.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд орох нэмэл өөрчлөлт оруулах хуулийн төслийн УИХ-ын нэр бүхий гишүүн санаачилсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар зэсийн салбарт үйл ажиллагаа явуулж буй уурхайн бүтээгдэхүүний захын агуулга нэмэгдэн улмаар үйлдвэрийн насжилт уртсах, үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлөх, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийх хөрөнгө оруулалтын хуримтлал бий болгох, хуримтлагдаад байгаа өр зээлийг эргүүлэн төлөх боломж бүрдэж, эдийн засгийн эрүүл систем бүрэлдэн тогтох юм байна.

 

Татварын шударга, боломжит нөхцлийг бүрдүүлснээр зэсийн ордуудад гадаадын  болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, улмаар төслүүдийг түргэн хугацаанд ашиглалтанд оруулж, төслөөс хүртэх үр өгөөжийг дээшлүүлж, үүнийг дагалдаад дэд бүтэц, хүн амын тархан суурьшилт, ажилгүйдэл багасч, улсын төсөвт төвлөрөх татвар хураамж нэмэгдэх зэргээр нийгэм эдийн засгийн олон талын эерэг нөлөөг үзүүлнэ гэдгийгхууль санаачлагч хэлж байгаа юм.

Тиймээс хуулийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлээд байгаа юм байна. Иргэн та http://forum.parliament.mn/projects/463 хаягаар орж саналаа өгөх боломжтой юм.

Уг төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэнэ.  Хэлэлцүүлгээр хэн юу хэлсэн талаар болон хэрхэн шийдэх эсэхийг бид эргэж мэдээлэх болно.