Би, та, чи гэлтгүй бид бүгдэд эх орноо гэх сэтгэл их бага хэмжээгээр байдаг. Гэвч бид энэхүү сэтглээ зөв илэрхийлж чаддаггүй ажээ. Тэгвэл эх оронч эерэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо, хандлага чухал гэдгийг та нэг бодоод  үзээрэй. Ядаж л гадаадын үнэтэй гутал авч байснаас үндэсний брэндийн гутал авч байя л даа. Үнэтэй брэнд гутлыг  гүйцэхгүй ч гэсэн хөлд эвтэйхэн дулаахан байх үүргээ жишээ нь үндэсний үйлдвэрлэгчийн хийсэн гутал гүйцэтгэж л таараа.  Гадагшаа урсах мөнгө нь дотооддоо үлдэж байгаа гэж өөрийгөө урамшуулъя. Дизайнеруудын ачаар бүсгүйчүүд өдөр тутамдаа ажил хэрэгч маягаар Монгол цамц, дээлэн захтай даашинзаар гоёх боломжтой болж байна. Гадуур хүрэм ч гэсэн загварлаг, шинэлэг гоёыг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэлсэн шүү дээ. Булга шуба, дээл хувцас аль аль нь эдлэгдээд дуусна. Мөнгөө хэмнэе гэвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв сонголт болно.

Орк, хот хөдөөгийн гэж ялгалгүйгээр  тааралдсан газраа нус цэрээ хаяхгүйгээр өөрийгөө л хамжааргатай аваад явж сурчих юм бол энэ чинь л эх оронч хүний бас нэг төлөвшил!!!

Хогоо заавал хогийн саванд хийж сурахыг өөртөө болон үр хүүхдэдээ заамаар. Та л хог тариад л байвал хүүхэд чинь ч гэсэн таныг дуурай хог тарьсаар байх болно. Тэгэхээр хогийн сав олдохгүй бол халаасандаа хийж байгаад хогийн сав тааралдахаар нь хаяж болно шүү дээ. Энэ тийм ч хэцүү биш.

Олон хүнтэй газарт явж байгаа бол бусдад төвөг удахгүй байх, үзвэр үйлчилгээнд цагтаа ирэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох гэх зэрэг нь Монголчуудын гаргадаг нийтлэг алдаа дутагдал.  Үүнийгээ л дор бүрнээ анхаарчих хэрэгтэй байгаа юм.

Заавал замын цагдаа харахаараа л хөдөлгөөнд соёлтой оролцдог зангаа болих хэрэгтэй. Хэрвээ та замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоод байвал бусад нь ч гэсэн тань шиг  л байна. Өөрөөр хэлбэл албатай юм шиг урсгал сөрж орж ирчихээд хажуунаас чихээд байвал дараа нь өөр нэгэн ч гэсэн тийм үйлдэл гаргах болно. Явган зорчигч та ч гэсэн хүүхдээ тэвэрч эсвэл хөтлөөд зөвхөн гарцаар гарч сураарай. Та л гарцаар гарахгүй бол хүүхэд чинь ч гэсэн гарцаар гарч сурахгүй. Энэ нь хожим  амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй.  

Гэрээ бид цэвэрхэн ая тухтай байлгахыг хүсдэг шиг өөрийн байгаа газраа, эх орноо ч гэсэн мөн тийм байлгах үүрэг хариуцлага хүлээсэн улс. Харин бид өнөөдөр энэ үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй л байна.  

Бусдын алдааг олж хардаг шигээ өөрөөсөө алдаа харж, түүнийгээ засаж, өөрийгөө болон үр хүүхдээ ч гэсэн зөв хүмүүжүүлэх юм бол энэ нь та бидний эх оронч сэтгэлгээ юм шүү.

Тиймээс би эх оронч гэж худлаа цээжээ дэлдэх бус эерэг хандлагыг өөрөөсөө эхлүүлж, бусдад хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.