Дуучин Б.Амархүү 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Г-ийн хамт хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэдний гэм буруутай эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  хэлэлцэнэ.

Хэрвээ шүүхээс Б.Г-г гэм буруутай гэж шүүхээ үзвэл дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Харин дуучин Б.Амархүүг гэм буруутай гэж үзэх юм бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Г нар өс хонзон санаж хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож дух болон мөрний шөрмөс урагдал үүсэх хэмжээнд бэртээсэн нь цэнгээний газрын хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тиймээс Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 11.4.1 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Б.Амархүүгийн менежер Б.Г-д Эрүүгийн хуулийн 11.6.1 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.