"Mongolian next top model" нэвтрүүлгийн шилдэг оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн явдал нийгмийг цочроосон явдлын нэг байлаа. 

Түүний үхлийн шалтгаан эцэслэн тодроогүй байгаа энэ үед "Mongolian next top model" нэвтрүүлгийн хамт олны зүгээс талийгчийн гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэдтгэх үүднээс тус нэвтрүүлгийн цацалтыг түр хугацаагаар зогсоогоод байсан билээ. 

Тэгвэл талийгч Ч.Чамин-Эрдэнийн ээжийн хүсэлтээр "Mongolian next top model" нэвтрүүлэг эргэн цацагдахаар болжээ. Нэвтрүүлэг 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ням гарагийн 21:00 цагт ээлжит дугаараа хүргэх юм байна. 

Талийгч Ч.Чамин-Эрдэнийн гэр бүлээс ирүүлсэн хүсэлт:

"Сайн байцгаана уу, цаг үргэлжид миний охины төлөө чин сэтгэлээ зориулж байсан та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлэн мэндчилж байна. Миний охин хамгийн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байсан гэдгийг энэ мөчид дурсан санаж түүний тухай сайхан бүхнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Миний охин хар багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд Монголын болоод дэлхийн загварын салбарт нэр хүндтэй модель болох эхлэлээ тавьж чадсан гэж би боддог юм. Учир нь түүний оролцсон тэмцээн уралдаан, зураг авалт, шоу нэвтрүүлгүүд загварын салбарынхан болоод үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж хэзээд дурсах гайхалтай түүх болж чадсаныг хараад бахархах мэдрэмж төрж буйг илэрхийлье. Түүний мөрөөдөл нь “Next top model” болох байсан. Тиймээс ч Боловсрол телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт амжилттай оролцсоор ирсэн. Түүний болоод зорилго нэгт олон охины мөрөөдлийг биелүүлэхээр ажилласан уг нэвтрүүлгийн багийнхан болоод охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэн үлдсэн дугааруудыг үргэлжлүүлэн цацахыг гэр бүлийнхнийх нь зүгээс албан ёсоор хүсч байна. Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан Боловсрол телевизийн хамт олонд талархаж охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье. Иймд үзэгч та бүхэн манай гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч нэг зорилгын төлөө хичээн чамгүй урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн оролцогч охид болоод уран бүтээлчдийг хүндэтгэн “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ элдэв сөрөг сэтгэгдэлгүйгээр хүлээн авч үзнэ гэдэгт найдаж байна.

                                                                                            Хүндэтгэсэн:  Г.Чимгээ" гэжээ.