2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЭМЯ-ны Удирлагын зөвлөл хуралдаж, таван асуудалд шийдвэрлэх санал, зөвлөмжүүдийг гаргав.  Хурлын эхэнд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын төсөл, танилцуулга”-ыг хэлэлцлээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй, иргэдэд чирэгдэлгүй хүргэх бололцоог шийдвэрлэх зорилготойгоор төрөөс баримтлах бодлогын төслийг хийж эхлүүлсэн юм.

Мөн энэхүү бодлого нь 2014-2024 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжлийн чиглэлийг тодорхойлох, улмаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тэднийг эмнэлгийн тусламж үйлчилгээнээс үүдсэн санхүүгийн эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг болно хэмээн тодорхойлон ажиллаж байна. Удирдлагын зөвлөлөөс дараагийн хурлаар энэхүү бодлогын төслийг эцэслэн батлахаар болов.

Үүний дараагаар “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төсөл, үзэл баримтлалыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн удирдлага, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Гантуяа танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сараас эхлүүлсэн энэхүү хуулийн төслийг боловсруулах ажил дуусах шатандаа оржээ. Хурлаас гарсан саналуудыг тусгаад Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар оруулахаар боллоо.

Түүнчлэн “Эрүүл мэндийн ажиллагсдын нийгмийн асуудал” улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэлэлцлээ. Уг зөвлөмжид энэ сарын 5-ны өдөр ЭМЯ-наас зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгаа” сэдэвт эрүүл мэндийн салбарын ажиллагсдын улсын зөвлөгөөнөөр эмч, эмнэлгийн ажилчдын гаргасан санал зөвлөмжийг тусгажээ. Тодруулбал, Зөвлөгөөний үеэр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийг байгуулах, эрүүл мэндийн даатгалын сангаас 60 хүртэлх хувийг эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинд зарцуулах, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан хөдөлмөрийн үнэлгээний тогтолцоог бий болгох, ажлын байрны эрсдэлийн санг бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгох зэрэг саналыг оролцогчид гаргасан байна. Энэ бүх саналуудыг эмхэтгэн өнөөдрийн удирдах зөвлөлийн хурлаар 20 багц төслийг хэлэлцүүлэхээр оруулжээ.