БГД-ийн нутаг дэвсгэрээс 6 настай хүү алга болсон гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагаас хүүг эрэн хайж, эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Алга болсон төөрсөн шалтгааныг тодруулахад өдөр өнжүүлэхийг багш нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ сургуулиас нь авч яваад замдаа хаяад явсан болохыг тогтоожээ.

40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч хүүг алга болсон талаар дуудлагыг 19-ний өдрийн 20:00 цагт ангийн багш нь цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сангийн орчмоос олсон байна.Тухайн үед хүү айсан байдалтай гэрэл бараадаад зогсож байгаагаа цагдаагийн алба хаагчдад хэлжээ.