“ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” Эерэг мэдээллийг түгээе! Arslan.mn

Цахим орчинд худал үнэн нь үл мэдэгдэх элдэв янзын мэдээ мэдээлэл, цуурхал өдөр бүр гарсаар байдаг. Тэдгээрийн аль нь үнэн, аль нь худал гэдгийг хянаж, нягталдаг хүн ховор. Хэн хүнгүй уншиж, бусдад түгээж, ихэнх нь тэдгээр мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээж авдаг.

Тэгвэл энэ бүх эрээн бараан дунд бага ч атугай гэрэл гэгээ оруулах, нэг ч атугай сайхан мэдээ түгээх, басхүү хүмүүсийг аль болох эерэг байлгах зорилготой “ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” аян өрнөжээ.

Мобикомын хамт олон энэ аянд албан ёсоор нэгдэж байгаа бөгөөд та бүхэнтэй нэгэн эерэг мэдээг хуваалцъя. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Мобиком Корпораци хамтран хэрэгжүүлж, өдгөө төр засгийн үйл ажиллагаанд шилжсэн “Хүүхдийн тусламжийн утас 108”-ыг мэдэхгүй хүн ховор.

Мобиком Корпораци Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран хэрэгжүүлсэн энэхүү төслөөр “Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төв”-ийн интернэт холболт, програм хангамж, дата сервер, техник хангамжийг бүрэн хангаж ажилладаг билээ. Дуудлагын төв ажиллаж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд нийт 688’840дуудлага хүлээн авснаас 10’742 нь халуун дуудлага буюу хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үеийн дуудлага байжээ. Ноцтой, эмзэглэмээр олон арван дуудлагын тухай ярихаа азнаад хүүхдүүд энэ утасны тусламжтайгаар өөрт тохиолдсон асуудлаа шийдэж, зөвлөгөө авч, мэргэшсэн операторуудын ухаалаг арга ажиллагааны үр дүнд зөв гарцаа олж, гайхалтай үр дүнд хүрч чаддаг.

 

Тухайлбал, 15 настай Х охин найз хөвүүнтэйгээ 3 жил үерхээд салжээ. Гэтэл салалт нь охины сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, хоол идэх хүсэлгүй, хичээл сургуульдаа ч явах хүсэлгүй болж, тэр бүү хэл амиа хорлох үйлдэл хүртэл хийсэн байна. Тэрээр энэ тухайгаа 108 утсанд хандан ярьж, цаашид яавал дээр вэ хэмээн зөвлөгөө хүсжээ. Өсвөр насны охид сэтгэл хөдлөл ихтэй байдаг тул тасралтгүй уйлж утсаар ярьдаг. Энэ тохиолдолд 108 утасны мэргэжлийн операторууд юун түрүүн амьсгал чөлөөлөх дасгал хийлгэж, охиныг тайвшруулан асуудлыг нь яриулж сэтгэлзүйн трейнингийн аргаар ярилцдаг байна. Ярилцлагаа үр дүнтэй болгох чин хүсэлтэй мэргэшсэн операторууд маань ярилцагчаа зөв шийдэлд хүргэх хүртлээ уйгагүй ярилцаж, сэтгэл заслын олон арга техникээс аль оновчтойг нь сонгон хэдэн цагаар ч хамаагүй ярилцдаг аж. Энэ бүхний эцэст зөв гарцаа олсон, өөртөө итгэх итгэлтэй болсон охид хөвүүд маань 108 утсандаа эргэн холбогдож талархсан сэтгэлээ илэрхийлдэг байна.

 

Хэрэв таны эргэн тойронд өсвөр насны дүү чинь, хүү охин чинь тантай ярилцахаас цааргалж, эсэргүүцэж байвал тэднийг зэмлэлгүйгээр, харин асуудлаа ярилцах, зөв чиглэлийг өгөх мэргэжлийн тусламж үйлчилгээг санал болгоорой.

ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ!