УИХ-ын өнөөдрийн чуулганаар ирэх жилийн төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Гэвч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор ЕТГ-ын төлөөлөл болон ЗГ-ын төлөөлөл УИХ-ын чуулганы танхимд орж ирээгүй байна. УИХ-ын дарга нэр бүхий албан тушаалтныг дуудсаар байв.

УИХ-ын чуулганы танхимд ЕТГ-ын даргыг дараа 10 гаруй минутын турш дуудсан боловч орж ирсэнгүй.  

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  ЕТГ-аас эс үйлдлээрээ төсвийн хоригийг эсэргүүцэж байна. Тодорхой санаанууд нь зөв байсан боловч бүхэлд нь хориг тавьсан. Төрийг гацаах гээд байна уу?  Хоригоосоо сайн дураараа татгалзлаа гэсэн горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Монгоын төр тоглоом болж дууслаа. Ерөнхийлөгчийн төлөөлөл орж ирэхгүй, Засгийн газар нь орж ирээд картаа сугалаад аваад гарлаа. Ингэж Монголын төрөөр тоглож болдог юм уу?  ЖДҮ-чин сайд нартаа хариуцлага тооц гэсний төлөө УИХ-ын үйл ажиллагаанд бойкот хийдэг болоо юу?  Ийм сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ-ыг тараая. Олон удаа сонгогдсон Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар орж ирээчээ. Ичээч ээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Тэвчээр барагдаж байна. Үндсэн хуулийн бус арга хэрэглэж байна.  Ингэж болохгүй.  Ерөнхий сайдаа наад тоглоомоо зогсоо.  

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүд дуугаа аядана уу. Танхимдаа асуудлаа хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Төсвийн хоригтой холбоотойгоор олонхийн бүлэг санал зөрчилтэй байх шиг байна. Та бүхэн бүлэгтээ ярилцаж нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй байна. Бид ч гэсэн бүлэг дээрээ  ярилцъя. Ерөнхийлөгчтэй уулзъя. Монголын төр ухаан, зангарага зарж асуудлыг зөв ойлголцож явахгүй бол ингэж талцаж, явах юм бол улсын маань үндэсний аюулгүй байдал хамгийн эмзэг цэг рүү очно шүү. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналтай холбоотойгоор үг хэлмээр байна. Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр ЕТГ-ын дарга нь орж ирэхгүй байгаагаас үзэхэд УИХ, Монгол улсын эдийн засагт хориг тавьж байна.  Хориг тавьснаар Монгол улс 2019 онд төсөвгүй болж байна. Ингэснээр төрийн алба хаагчид цалингүй, тэтгэвэр тэтгэмжгүй болж байна. Ерөнхийлөгчийн энэ увиагүй үйлдлээр бойкот хийж болдог юм уу?  Ерөнхийлөгч 3 сая хүний эрх ашгийн төлөө явна уу? Ингэж бослого тэмцэлд уриалах нь зөв үү?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 32 гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гээд албан бичгээ өгч. 32 нь хэн хэн юм болдог гэж харсан хачирхалтай тоо харагдаж байна. АН-ын 2, МАН-ын 30 гишүүн байна. 26 гишүүн нь ЖДҮ болон албан тушаалдаа барьцаалагдсан байна гэж харж байгаа. 26/32 хүн зохион байгуулалттайгаарУИХ-ын үйл ажиллагааг гацааж байна. Барьцаалагдаад УИХ-л орж ирэхгүй байна. Түр зөвлөлийн асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр яаралтай хэлэлцмээр байна гэх зэргээр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх хугацаатай. Тиймээс АН-ын бүлэгт 16 цаг хүртэл завсарлага өглөө.  

Ингэснээр үдээс өмнөх УИХ-ын нэгдсэн чуулган завсарлав.