1947 онд БНМАУ-ыг тунхагласан даруйдаа Мао Зэдун монголчуудыг хятадчилах бодлого явуулж, Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг олон ажил зохиож эхэлжээ.

Хятад улсыг тунхагласан өдөр БНМАУ-ын Засгийн газраас БНХАУ байгуулагдсанд баяр хүргэсэн цахилгаан утас явуулах эхийг Ю.Цэдэнбал бариад маршал Х.Чойбалсангийн өрөөнд ороход “Наадуулын чинь цаад санаа өөрчлөгдөөгүй байгаа шүү. Гэхдээ дипломат ёс юм хойно цахилгаан явуулна аа” гэж их л бодлогоширсон байдалтай байсан гэдэг.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Мао Зэдун Бээжинд хүлээж аваад “Танай улсыг бид олон зуун жил дарлаж байсан. Түүнийхээ өбөр болгож төмөр замын асуудлыг шийдэж байгаа юм” гэжээ. Ю.Цэдэнбал ч хариуд нь “Манай монголчууд ч бас танайхыг эзэлж олон жилээр дарлан зовоосон. Энэ талаар ярих юм бол бид бүгдээрээ төөрөлдөх болно. Зөвхөн урагшаа харж, хамтын ажиллагаагаа хөгжүүлцгээе” гэж часхийсэн хариу хэлж байжээ.

Үнэхээр ч Х.Чойбалсангийн болгоомжлол зөв болох нь хэдхэн жилийн дараа батлагдсан билээ. 1950-иад оны сүүлээр Хятад, Монгол хоёр улсын харилцаанд ан цав гарч хятадууд Монголын үндэсний бахархлаар оролдож эхэлжээ. 1950-иад оны эхээр гэхэд хятадууд Өвөрмонголд Чингис хааны онгоныг барих ажил өрнүүлжээ. Тэр сүр бадруулсан ажлыг нь манай зохиолч, академич Ц.Дамдинсүрэн очиж харсан байна.

Хятадад хувьсгал ялаад удаагүй, улс орныхоо өчнөөн асуудлыг шийдвэрлэж чадахгүй, Зөвлөлт Холбоот Улсаас зээл тусламж авч байхдаа л монголчуудад нөлөөлөх зорилгоор уг ажлыг өрнүүлж байв. Тэгэхэд 1960 онд Ю.Цэдэнбал Хятадын хоёр дахь хүн болох, арай аядуу тайван Жоу Эньлайг урьж, Монголын эртний нийслэл Хархорумд дагуулж очжээ. Монголчууд Манжийн эрхшээлд ороод зэвсэг барин тэмцсэнд эртний нийслэлийг нь шашны төв болгож, монголчуудыг номхон дуулгавартай байлгаж устгах гэсэн зальт арга байсан юм гэж мэдэгдсэн байдаг.

Жоу Эньлай ч түүний үгийг зөвшөөрч “Тийм ээ, тэр үед, зах хязгаар нутагт тийм бодлого явуулдаг байсан” гэж хэлсэн байна. Цагтаа манай улс 10 мянган хятад ажилчин урьж, тэд Улаанбаатарт төдийгүй хөдөөд улс даяар янз бүрийн барилга байгууламж барьж байв. Гэтэл 1973 онд манай зүүн хязгаарт Халх голоос холгүй асар их газар нутгийг “Энэ бол Хятадын газар нутаг мөн” гэсэн хятад бичигтэй төмөрлөг тэмдгийг нэг метрийн гүнд булсан байв. Энэ газар нутгийн маргаан болоход гаргаж ирэх зорилготой Хятадын тагнуулын хийсэн ажил байлаа. Хятадууд 1957 онд ирж 1964 он хүртэл ажиллахдаа бүтээн байгуулалт биш хорлон сүйтгэх зорилготой ажлуудыг хийж байсан байна.

Үнэн хэрэгтээ тэр 10 мянган хүн бүгдээрээ цэргийнхэн байсныг Аюулаас хамгаалахынхан илрүүлжээ. Тэднийг ажлын хөвөнтэй хүрэм өмссөн нэг генерал удирддаг байж. Хэрэгтэй цагт тэр зохион байгуулалттай бүлэг үймээн гаргах гэж байсан гэдэг. Хятадуудын тусламж, бүтээн байгуулалтад гар бие оролцсон үйл ажиллагаанууд нь бүгдээрээ л хорт бодлого дагуулж байжээ. Налайхын шилний үйлдвэрийг хятадууд барьсан. Тэрнийхээ тоног төхөөрөмжийг өөрийнхөө нэг хөрөнгөтнөөс хурааж аваад, будчихсан, бүх юм нь шинэ юм шиг гялалзаж байсан. Хоёр жилийн дараа л хамаг төхөөрөмж нь нураад өгөхөд Польшийн тусламжтайгаар цоо шинэ төхөөрөмж тавьсан байна.

Хойт хилийн Сүхбаатар хотод хятадууд 4 мянган киловаттын хүчин чадалтай цахилгаан станц барьсан нь бас л хоёр жил ажиллаад эвдэрсэн бол чехүүдээс шинээр тоног төхөөрөмж оруулж ирж байлаа. 1950-иад оны сүүлээр харилцаа муудаж эхлэхэд хятадууд манай улсын эсрэг гүтгэн гуйвуулсан материал цацаж эхэлжээ. Монголын малчин авгай, нөхөр хоёр дундаа ганц өмдтэй, түүнийгээ ээлжилж өмсдөг энэ тэр гэсэн яриа бол юу ч биш.

Сайд, дарга нарын хаалганд оросоор бичсэн “Зөвлөлтийн мал бригадын дарга Цэдэнбалыг зайлуулцгаая” бичиг наах тохиолдол ч гардаг байв. Ю.Цэдэнбал “Соёлын хувьсгал”-аас зугтаж ирсэн хятадуудтай уулзаж, хятадын тагнуул туршуулын эсрэг тэднийг сөрөг тагнуулаар ашиглана. САА-гаар явахдаа хятадуудтай зориуд уулзаж “Та нар Бээжингийн радио сонсдог уу” гэж асууна. Ажилчин хятадууд “Яах юм бэ? Бид хэдэн хүүхдээ тэжээх хэрэгтэй байна” гэж хариулдаг аж.

1955-1956 онд Хятад, Монголын харилцаа хэвийн болоход Монголын тал хилийн цэргээ татан буулгаж иргэд орж гарах хэдхэн шалган нэвтрүүлэх боомт үлдээсэн юм. Гэвч удалгүй байдал хурцдаж, 1960-аад оны дундуур Хятад улстай залгаа 4700 км хилийн дагуу хилийн цэргийг сэргээн байрлуулсан байдаг. Тагнуул туршуул олноор нь явуулдаг. Тэд бүгдээрээ өвөрмонголчууд байлаа. Тэд Монголд суурьшиж, танил талтай болж, ажилд ороод итгэл олох зорилготой.

Тэр тагнуулууд нь Зөвлөлт холбоот улстай болон Монгол улстай дайн хийсэн тохиолдолд цахилгаан станц, эрчим хүч дамжуулах шугам, сац гүүр, үйлдвэрийн байгууллага зэрэг нэн түрүүнд устгах ёстой объектыг тодорхойлох даалгавартай. Энэ бүхнийг дайн гарсан эхний өдөр л дэлбэлэхээр төлөвлөж байв. Бас устгах хүмүүсийн нэрийн жагсаалт ч тагнуулуудаас илэрч байлаа. Энэ бүхэн Ю.Цэдэнбал ЗХУ-тай улам дотно харилцаж, буулт хийх нөхцөл нь болж байжээ.

Эх сурвалж: wikimon.mn