Үндэсний статистикийн хорооноос гаргасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр ямааны цагаан ноолуурын үнэ кг нь Дорнод аймагт хамгийн бага буюу 30.0 мянган төгрөг байхад Говь-Алтай аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 91.0 мянган төгрөг байна.

 

Бусад арьс шир, түүхий эдийн үнийг танилцуулвал, үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Ховд аймагт хамгийн бага буюу 5 мянган төгрөг байхад Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 20 мянган төгрөг байна. Адууны ширний дундаж үнэ Ховд, Архангай, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 5 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн их буюу 12 мянган төгрөг, бусад аймагт 6-10 мянган төгрөг байна.

 

Хонины ноостой арьсны дундаж үнэ Дархан-Уул, Хэнтий аймагт хамгийн бага буюу 500 төгрөг, Увс, Архангай, Говьсүмбэр, Төв аймагт хамгийн их буюу 2.5 мянган төгрөг, бусад аймагт 1.5-2.0 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 15 мянган төгрөг, Дундговь, Өмнөговь аймагт хамгийн их буюу 27 мянган төгрөг, бусад аймагт 20-26 мянган төгрөг байна.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээгээр нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 108 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Өмнөговь аймагт хамгийн их буюу 113.7 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 73.6 мянган төгрөг байна. Ат Өмнөговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 700 мянган төгрөг, соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 991.7 мянган төгрөг, Улаанбаатар хотод хамгийн бага буюу 450 мянган төгрөг, хязаалан шар Өмнөговь аймагт хамгийн их буюу нэг сая төгрөгийн үнэтэй байхад Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 575 мянган төгрөгний үнэтэй байна.

Б.Болд

Эх сурвалж: Монцамэ агентлаг