Ирэх сарын сүүлээр сурагчдын хоёрдугаар ээлжийн амралт эхлэх билээ. БСШУСЯ-наас гаргасан сурагчдын хоёрдугаар улирлын амралт гаргасан хуваарийн дагуу бол арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гурван долоо хоног байхаар төлөвлөн баталсан.

Харин Эрүүл мэндийн яамнаас ханиад томууны дэгдэлт их өвлийн ид хүйтэн, утааны үеэр буюу арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл амраах санал гаргасан. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яам, БСШУС-ын яамны хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаад, сурагчдыг хоёр сар биш сар гаруйн хугацаанд амраах санал гаргасан байгаа билээ.

Үүний дагуу ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Боловсролын яамнаас албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. Тиймээс БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ долоо хоногтоо багтаан тушаал гаргаж, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлтийн талаар шийдэлд хүрэх аж. 

Эрүүл мэндийн яамнаас энэ жил эдгэрэхдээ удаан олон төрлийн вируст ханиад дэгдэх магадлалтай гэж анхааруулсаар байгаа билээ.