Хөсрий олс байхаар нь атгачихсан чинь үзүүрт нь үхэр байсныг мэдсэнгүй гэгчээр өнгөрсөн хавар БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал хурандаа нар эрх мэдлээ ашиглан өөрийн гэсэн орон сууцтай атлаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийг тус тус зөрчсөн байж болзошгүй үйлдэл гаргаж байгаа талаар бид хүргэсэн билээ.

Тодруулбал, БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал хурандаа нар татвар төлөгчдийн мөнгөөр буюу төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан албан тушаалын орон сууцанд орж,  мөн өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээ  оруулж, бусдад түрээслэн ашиг олж байгаа тухай баримттай нийтэлсэн нь олон нийтийн тэр дундаа Батлан хамгаалах салбарт ажиллагсдын загатнасан газар нь маажих шиг  болсон.

Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтнүүд өөрсдийнх нь хууль бус байж болзошгүй үйлдлийг илчилсэнд ихэд эмзэглэн сэтгүүлчийг цагдаад хүртэл өгч  шударга бус үйлдлээ зөвтгөх гэж оролдсон юм. Зүй нь бол Батлан хамгаалахын дэд сайдын ахалсан тус салбарын орон сууц хуваарилах комиссынхон уг нь сэтгүүлчийг цагдаад өгөх бус харин шударга бусаар байр авсан эсэхийг нягтлан шалгаж, эрх мэдлээ ашигласан генерал хурандаа нараа АТГ-т шилжүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй юмаа гэхэд ядаж ёс зүйн хариуцлага тооцох учиртай байв. Гэтэл үүний оронд хэн энэ мэдээллийг гаргав хэмээн сандарсан юм байх. Тэр ч бүү хэл БХЯ, ЗХЖШ-ын барилга орон сууцны асуудал эрхэлсэн албан тушаалтнуудыг дуудаж мэдээллийн эх сурвалжийг ол гэж дарамтлахын зэрэгцээ сэтгүүлчийг тагнуулах чагнуулах хэмжээний асуудал яригдсан байдаг.

Сэтгүүлч бусдыг гүтгээгүй болох бодит үнэн байдалд тэд гүйцэгдсэн юм. Мөн манай сайтад өмнө нь гарсан нийтлэлийн дагуу олон баримтыг нэрээ нууцалсан эх сурвалжууд өгсөөр байна.

Нүдэнд ил харагдах ганц Жуковын музейн арын 300 айлын сууц, Улаан хуарангийн 63 айлын албан тушаалын 3 байр биш өөр бусад олон байр БХЯ худалдан авч түүндээ өөрсдөө болон хамаарал бүхий этгээдүүдээ  оруулсан нь баримтуудаар нотлогдсоор байна.

Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан Апартмент-5 орон сууц, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд шинээр баригдсан 55 дугаар байр, Налайх дүүрэгт мөн шинээр ашиглалтад орсон Шинэ Налайх орон сууц гээд гарч ирээд байна. Эдгээр байранд бас л БХЯ, ЗХЖШ-ын дарга нар тэдний хамаарал бүхий этгээдүүд орсон байна.

Орон сууцны нэр

Хаалганы дугаар

Талбайн хэмжээ

Өрөөний тоо

Ажлын газар

 

Апартмент-5

107

46,08м2

2

БХЯ-ны ахлах мэргэжилтэн, хурандаа

Ж. Баясгалан

Апартмент-5

87

46,08м2

2

ЗХЖШ-ын ХЗЦК-ын Хүний нөөцийн тасгийн дарга, хурандаа

Д.Энхсайхан

Апартмент-5

93

49,35

2

150 дугаар ангийн ажиллагааны ахлах офицер, хошууч

Д.Гантулга /

БХЯ-ны санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Д.Ганхуягийн төрсөн дүү/

Шинэ Налайх

3-15

37,28

2

350 дугаар ангийн санхүүгийн дарга, дэд хурандаа

Ц.Бямбасүрэн

Шинэ Налайх

9-42

48,36

3

013 дугаар ангийн штабын дарга, хурандаа

О. Заяат

Өөрийн гэсэн орон байртай атлаа төсвийн мөнгөөр баригдсан албаны орон сууцанд эрх мэдлээ ашиглан орсон авлигач генерал хурандаа нар бусдад түрээслэн ашиг олж байгаа ч түрээслэн сууж байгаа айлууд нь ашиглалтын зардлаа хэдэн сар жилээр нь төлөөгүй яваа гэнэ.

Тухайлбал 330 айлын 2 дугаар байрны 63 тоотод суугч хурандаа Ц.Ж-гийн байрыг түрээслэгч нь ашиглалтаа зардлаа төлөөгүй удсанаас он дамжсан өр гарсан талаар тус байрны оршин суугчид ярьсан. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дахь ЗХЖШ-ын албан тушаалын 36 айлын 20-д гадны түрээслэгчид суудаг гэж албан эх сурвалж хэлсэн.

Ер нь БХЯ-ны нэр дээр баригдсан бараг бүх албан тушаалын орон сууцанд нэр нь гарч, гар  дүрдэг ханаж цадахыг мэддэггүй юм уу гэмээр шуналтай байж болзошгүй  гэмээр генерал Г.С, хошууч генерал З.Б-н нэр ч байх...

Дахин дахин албан тушаалын орон сууцны талаар бичээд байдаг учир нь тус салбар өнөөдөр мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болох зорилт дэвшүүлээд байгаа ч үр дүн нь хангалтгүй байгаа. Өнөөдөр ахлагчийн бүрэлдэхүүн нь бүрэн гүйцэд анги байхгүй. Шалтгаан нь томилогдсон газар бүрт байх ёстой албан тушаалын орон сууцны хүрэлцээ хангалтгүй, гадаадад ажиллагаанд явж байрны урьдчилгаа хийх гэхээр сонгон шалгаруулалт нь гэж хүнд суртал хээл хахууль болсонд учир байгаа юм.

Төрөөс барьж өгсөн байгаа хэдэн сууцанд нь “авлигач” генерал хурандаа нар нь авчихсан.

Энэ асуудлыг салбарын сайд нь мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байх юм. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан 7.1.6-д заасан ”.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; мөн зүйлийн 7..1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;” гэсэн харваас илт албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсаар байтал ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна. Асуудлыг АТГ болон түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлд тавих болно. Ядаж ёс зүйн хариуцлага тооцож ханаж цаддаггүй авилгачдаа зайлуулах цаг болсныг дуулгаж байна.

А.Баярмаа