Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа идэвхжиж олон ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь салбар хороо байгуулах ажил аж. Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр “Залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо”-г байгуулж байна. Энэхүү хороо тамга тэмдэгээ хүлээн авч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

“Залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо”-ны тэргүүн Б.Оюун-Эрдэнэ "Бид залуу гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжиж, нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорилгоо болгож ажиллана. Энэ ажлын хүрээнд нэгдүгээрт, залуусыг гэрлэлтэд бэлтгэх, гэр бүлийн боловсролд зориулсан тогтвортой хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, залуучуудын гэр бүлийн сайн сайхныг сурталчлах, гэр бүлд ээлтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ингэснээр нийгмийн уур амьсгалд тодорхой өөрчлөлт орно гэж бодож байгаа. Гол нь гэрлэлтийн талаарх залуучуудын хандлагыг өөрчлөх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг бид чухалчилсан. Гурвадугаарт, залуу гэр бүлд тулгамдаж буй асуудлаар тодорхой судалгаа хийж үр дүнг бодлогын түвшинд уламжилна"  гэсэн юм.

Мөн тэрбээр Монголд залуу гэр бүлүүдийн төлөө МЗХ ажиллахгүй бол өнөөдөр хэн ажиллах ёстой юм бэ. Залуучууд өнөөдөр өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л хэлэлцэх ёстой үүнд нь бид дэмжлэг үзүүлж хамтран ажиллах бөгөөд монгол залуу гэр бүл бүрийн өмнө “Залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо”-ны үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг дуулгалаа.