1992-1993 оны үед Орос улсад Чечены салан тусгаарлагч, хэт даврагчид Оросын армийн нэгэн шархадсан цэргийг олзолж аван видео бичлэг хийн ар гэрийнхнээс нь 10000$ долоо хоногийн дотор авчрахгүй бол түүнийг хорооно хэмээн сүрдүүлжээ.

Тэнд ажиллаж байсан францын сурвалжлагч уг видео кассетыг цэргийн нутаг Приморский крайтад хүргэжээ. Олзлогдсон цэргийн эцэг эх  нь ядруухан амьдралтай  хүмүүс учир хүүгийхээ багын найзад хандан «Серегад туслаарай!» хэмээн гуйсан юм. 

Уг явдлыг сонссон тосгоныхон мөнгө цуглуулан,  «Нива» машинд бензин дүүргэж өгөн Серега найзад нь 6000$ болох рубль хийж өгөөд замд нь үдсэн байна. Хаа холын Приморскийн тосгоноос Чечня хүртэл ойролцоогоор 13000 км замыг 7 хоногт амжиж туулах хэрэгтэй. Гэвч цугласан мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Машин нь замд эвдэрвэл яах вэ гээд л асуудал бэрхшээл дүүрэн ч Серега найзыгаа авархаар замдаа гарчээ. 

Энэ тухай мэдээг тухайн үеийн «Совершенно секретно» сонинд нийтэлжээ. Тэр доор нь л Орос даяар мэдэж, барьцаанд байгаа цэрэг найзаа аварахаар яваа Серега-ын замд туслах аян түүний замын дагуу өрнөж, түүнийг дайрч өнгөрсөн хотуудад жирийн хүмүүс тосч уулзаж, их бага гэлгүй мөнгө нэмэрлэж, зарим нь савтай бензин эмээ нар пирожки (хуушуур) хийн өгч байсан гэдэг. Орос оронд тэр үед байдал хэцүү, дээрэмчид(рэкет) бүх хотуудаар дүүрэн байдаг байлаа.

Тэд ганцаараа их мөнгөтэй Серегаг хаа явааг нь мэдэж байсан ч хэн нь ч түүнийг дээрэмдэх гэж оролдоогүйн ганц шалтгаан нь тэд түүнийг найзыгаа аврахаар явааг мэдэж байсантай холбоотой ажээ. Тэр «Я еду друга спасать» (Би найзыгаа аврахаар явж байна) гэж хэлэхэд орос хүн бүр түүний замд саад хийхийг хүсдэггүй байжээ.

Нэгэн замд 2 дугуй нь хагарч зогсож байтал тэр хавийн «братки» буюу дээрэмчидийн бүлгийнхэн хүрээд иржээ. Серега ч маш ихээр айж сандарч байтал тэдний ахлагч нь «бүү ай! Бид чиний түүхийг мэднэ. Чи найзынхаа телее яваа настоящий мужик (жинхэнэ найз-эр хүн). Бид чамд тусалнаа хэмээн өөрсдийн машиныхаа хоёр дугуйг тайлж өгөн, нэг хайрцаг архи багажинд нь хийж өгөөд явуулсан гэдэг. 

7 хоног дуусч байхад Чечня-тай залгадаг оросын Минводы гэдэг газрын хавьцаа иржээ. Чечнягийн нутаг руу орохын өмнөхөн ГАИ-ын дарга хөгшин орос майор Серегад «одоо хүү минь цаашаа чи ганцаараа л явах болно. Болгоомжтой яваарай. Зогсож ердөө болохгүй шүү. Намар болж байна, ууланд хүйтэн байгаа даа. Үүнийг өмсөөд яв» хэмээн шинелээ тайлан погонтой чигээр нь өгч үджээ. Серега Чечнягийн хил нэвтэрмэгц түүнийг ирж явааг тэндэхийн хүн бүр мэдэж байгаад гайхан баярлажээ.

Хэдийгээр очих хугацаа нь хоёр хоног өнгөрсөн ч тэрээр «би очиж явна» хэмээн тааралдсан хүн болгонд хэлж явжээ. Чечня-гийн найзыг барьцаалсан дээрэмчид ч хүнлэг зан гаргаж Серегаг ирэхэд авчирсан мөнгийг нь авалгүй найзыг нь суллан хоёуланг нь хамт уулнаас буулгаж орос цэргийн постны хажууд орхиод явсан гэдэг.

Ийнхүү Серега багын найзаа аварч явахдаа «За друга»(Найзынхаа төлөө) гэдэг үг хүн болгонд хичнээн гүнзгий хүрдэг болохыг мэдэрсэн тухайгаа ярьсан байдаг.