Хорих газар ял эдэлж эрхээ хасуулсан хүмүүжигчдэд төрөөс өршөөл үзүүлэн Өршөөлийн хуулиар сулалдаг. Харин энэ хуулийн хүрээнд суллагдан эрх чөлөөтэй болсон нэгэн дахин гэмт хэрэг үйлдэн хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. 

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” автомашины захын үүдэнд,  Шар хаданд оршин суух бүртгэлтэй С.Э гэх этгээд архидан согтуурсан үедээ тус захад машины ченжээр ажилладаг 27 настай Э-г хэвлий болон гуянд нь хоёр удаа хутгалж, амь насыг нь хохироожээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар 9 см-ын урттай мөнгөлөг өнгийн хутга, 16 кадр зураг болон сэжигтний хурууний хээг бэхжүүлэн авсан байна.

Сэжигтэн С.Э гэгч нь эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүдийн нэг гэх ба тэрбээр өмнө нь гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ, талийгаачтай хувийн таарамжгүй харилцаатай байсан учраас санаатайгаар амь насыг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба сэжигтэн С.Э-д таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.