Энэ оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд Сүхбаатар аймгийн "Мөнххаан сум зар зарлал" нэртэй фэйсбүүк групп дээр иргэдийн тавьсан мал авна, мал зарна гэсэн зарлал бүхий постуудыг ашиглан залилан хийсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд зар байршуулан нийт долоон иргэнээс 21.250.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Улаанбаатар хотод оршин суух иргэн Д нь залилан авсан болохыг тогтоожээ. Сэжигтэн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан аж. Уг хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна.

Хэргийг шалгах явцад иргэдийн цахим орчинд байршуулсан мэдээ мэдээллийг гэмт этгээдүүд буруугаар ашиглах, фейсбүүкэд байршуулсан мэдээллээр дамжуулан ойр дотно таньдаг хүмүүсийн талаарх мэдээллийг олж авчээ. Улмаар авч гар утсаар тэдгээрийн нэрийг барьж ярих, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банкны гүйлгээгээр иргэдээс мөнгө, төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.