Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан. Улмаар 2017 оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаатын ажиллагаа дуусч хэргийн шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөн Улсын их хурлын гишүүн асан Б.Гарамгайбаатарын  “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан түүнийг болон Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. 

Шүүхээс дээох хэргүүдтэй танилцаад урьдчилсан хэлэлцүүлэгийн тов гаргана. Эсэл мөрдөн байцаалтад буцаах юм. Шүүхээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгийн тов гаргах юм бол уг хурлаар гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурлын тов гарах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.