УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Ардчилсан намаасаа гарч байгаа юм уу?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын асуудал шийдэгдсэн. Үүнтэй холбоотой Ардчилсан нам шийдвэр гаргаагүй. Ерөнхийдөө АН Засгийн газар ажлаа хийхгүй байна гэсэн байр суурьтай байсан болохоос биш санал хураалтын талаар тодорхой гарсан шийдвэр байгаагүй. Улс төрийн зөвлөлийн зөвлөмж гарсан л гэж ярьж байгаа. Гэхдээ тэр хэр зэрэг хууль зүйн үйлчлэлтэй вэ гэдэг нь тусдаа асуудал. Дээрээс нь бүлгийн шийдвэр гарсан гэж байгаа. Тэр худлаа. Бүлгийн хурал наймаас дээш гишүүнтэй хуралдах ёстой. Түүний гурав нь ороогүй байхад бүлгийн шийдвэр гарахгүй. Мөн бид нарт хариуцлага онооно гэж байхгүй. Энэ нь АНын удирдлагад байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашиг байсан болж таарах гээд байгаа юм. Үүнийг бид эсэргүүцэж намын гишүүд, ард түмэн, сонгогчидтойгоо зөвлөж байж Засгийн газарт нэгдэх, 60 тэрбумын бүлэглэл түүнийг толгойлж байгаа Их хурлын даргатай хариуцлага тооцох асуудлын аль нь нэгдүгээрт вэ гэдэг дээр шийдвэр гаргасан. Угтаа бол парламентын ердийн л нэг санал хураалт шүү дээ. Түүн дээр үндэслэж бидний нэг гишүүнийг намаас хөөсөн. Энэ нь ардчилсан бус коммунист, фашист намд л байдаг зүйл. Тиймээс миний хувьд АН-ын бүлэг тэр бүлэглэлийн болоод намынхаа эрх ашиг, бодлогын эсрэг явахыг зөвшөөрөхгүй. Би энэ шийдвэрийг эсэргүүцэж бүлгээсээ гарсан. Энэ бол хуулийн дагуу юм. Ингээд бүлэг тарж байгаа. Гэтэл бүлгийн удирдлага энэ асуудлыг шүүх рүү явуулна гэж шийдэж байгаа юм. Шүүх энэ асуудлыг хэдий хугацаанд шийдэхийг та бүхэн мэднэ шүү дээ. Би өнгөрсөн жил арваннэгдүгээр сард ТЕГын дарга Б.Хурцад гүтгүүлсэн. Би жил гаруй хугацаанд шүүхээр явж байна. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шалгагддаггүй, тогтоогддоггүй. Зүгээр л бариад байдаг. Ингэж доромжилж байгаа байхгүй юу. Энэ асуудлаа шалгаж, тогтоогооч гэхээр “Бид шалгаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэх зүйлийг л хэлдэг. Ямар нэгэн хугацаа байдаггүй юм уу гэхээр “Сонгууль харна аа” л гэж байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна.

Намайг бүлэгт байхгүй байхад миний орон тоогоор бүлэг гэж эрх мэдлийг ашиглах сонирхолтой байна.

Тиймдээ ч миний бүлгээс гарах өргөдлийг УИХ-ын даргад дамжуулахгүйгээр шүүхэд өгч, хугацааг нь сунгах улс төрийн тоглоом хийж байгаа юм байна л даа. Бүлэглэлийн шийдвэр ийм юм байна. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Миний хувьд намын болоод ард түмний, ардчиллын үнэт зүйлийн эсрэг ийм алхам хийж байгаа намын удирдлагыг өөрчилж, намын шинэчлэл бодит утгаараа хэрэгжих хүртэл АН-ын гишүүнээсээ татгалзаж байна. Нийт намын гишүүддээ намаа шинэчлэх энэ хөдөлгөөнд нэгдэж, АН-ын гишүүнээсээ гарч эд нарт ойлгуулаач гэж хэлэх байна. Жинхэнэ шинэчлэгдсэн намдаа бүгдээрээ эргэж ороод, 1990 оны ардчиллынхаа үнэт зүйл дээр дахин ард түмний итгэлийг хүлээсэн нам болж төрийн үүрэг хариуцлага үүрч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тэр сайхан цагийг ойртуулаасай гэж хүсч байгаа. Тийм болохоор энэ алхмыг маш ухамсартайгаар хийж байна.

-Намын гишүүнчлэлээс гарах хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ. Өөрийн хүсэлтээр шууд гарчихаж болдог уу?

-Хүн өөрөө шийдвэр гаргасан л бол тэр эцсийн шийдвэр. Гэтэл хүний гаргасан шийдвэрийг энэ тэнд хууль дүрэм зохиож бичиж, эсвэл зохиож тайлбарлачихаад мушгин гуйвуулаад байдаг тал бий. Х.Баянхмөнх аварга АН-аас сонгуульд нэр дэвшиж байлаа. Гэтэл “Х.Баянхмөнх аваргын уураг тархинд МАХН-ын гишүүнчлэл байна” гээд нэрийг нь татаж байсан. Тэр хүн өөрөө байсаар байхад шүү дээ. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл. Үндсэн хуулинд заачихсан байгаа. Би өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх эрхтэй. “Энэ хүн гишүүн хэвээрээ байна” гээд худлаа цаас үйлдвэрлэж, дахин шүүхэд өгөөд хэдэн жилээр явах юм бодохгүй байлгүй дээ. Хүнийг хасах болохоороо шууд л хасчихдаг. Ж.Батзандан гэдэг гишүүн өнөөдөр АН-д байхгүй болчихсон. Тэд хүссэн учраас энэ. Хүсээгүй зүйлээ хууль эрх зүйн тоглоом хийгээд байлгаад байж болохгүй. Миний энэ шийдвэр эцсийнх.

-Та Ардчилсан намд анхнаас нь зүтгэсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Энэ хэрээр ч уг нам таньд үр өгөөжөө өгсөөр ирсэн. Таны хувьд үлдсэн жаахан хугацаанд хүлээцтэй хандаад намаа бодъё, бүлгээ авч үлдье гэж бодсонгүй юу?

-Мэдээж тийм бодол төрөлгүй яахав. Эцсээ хүртэл явлаа шүү дээ. Миний энэ насан дээр 20, 30 настай юм шиг шийдвэр гаргана гэж байхгүй. Би хүссэнгүй. Нөгөө талын хүмүүсийн дураараа авирлаж, хуулийн байгууллагыг өөртэй үйлчлүүлж, үйлчилж байгаа бүлэглэлийнхээ сонирхлоор хандаж байгаа бүх зүйл миний эгдүүг хүргэж байна. Эргэлт буцалтгүй л энэ алхам руу оруулж байна.

Өнгөрсөн баасан гаригт болсон чуулганы хуралдаанаар байж болох бүх нүглүүд гарч ирлээ. Үүний цаана МАН, АН-ын хуваагдал байгаа бус Монголын нийгэм бүхэлдээ хувьсгалаа хийж байгаа юм байна гэж харсан. Монголыг барьцаалсан, ард түмнийг ангал руу түлхсэн аймшигтай том бүлэглэл нурж унаж байна. Үүнийг намууд болоод Их хурлын хуваагдал гэж харагдуулж байна л даа. Гэхдээ үүнийг хэн ч, яаж ч сөрөөд нэмэргүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Нийт ард түмний эсрэг ямар ч нам, засаг, компани тогтдоггүй юм аа. Найдлага байхгүй. Энэ хүмүүст “Одоо нүглээ наминчлаад ард түмэнд хөгжих бололцоо, эрх мэдэл, өмчийг нь өг” гэж хэлмээр байна. Энэ хүмүүс сүүлийн 10, 20 жил Монголыг ноёрхчихсон. Түүнийх нь эсрэг жаахан л дуугарсан хүнийг дарладаг. Цаашдаа ч мөнхийн ийм байдалтай байна гэж боддог. Тэгж чадахгүй ээ. Чадахгүй гэдгийг нь ард түмэн харуулчихлаа.

-Та шударга бус байна гэдгийг нь мэдэж байсан юм бол өмнө нь яагаад тэмцэж болоогүй юм бэ?

-Би бүхий л салбарт ажиллаж байлаа. Энэ бүх салбарт ажиллаж байхдаа аль болох улс эх орныхоо төлөө л зүйл хийж ирсэн. Харин би тэр том тэмцлийн аль нэг талд орохыг хэзээ ч эрмэлзэж байгаагүй. Ойлголцол руу ойртуулахыг л хичээдэг байсан. Харин би энэ бүлэглэлийн эсрэг хүн болсноо Гадаад харилцааны сайд байх үедээ мэдсэн. Энэ үед янз бүрийн асуудлаар л намайг харлуулах гэж оролдож байлаа. Тэдгээр нь газар аваагүй учир эцэс сүүлд нь Гадаад харилцааны яамыг татан буулгасан юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлдэг гурван яам бол Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам, Сангийн яам юм. Гэсэн ч ГХЯ-ыг татан буулгаад Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож, намайг чөлөөлсөн юм даа. Тэр хүмүүст садаа болж байгаагаа би ингэж ойлгосон. Түүний дараа бүх намуудын засаг гэж байгуулаад Дубайн гэрээг байгуулж, Эрдэнэтийг хувьчилсан. АСЕМ гэх олон улсын уулзалтыг олон зуун тэрбум төгрөгийн луйврын схем болгосон. Мэдээж би тийм зүйлүүдэд оролцохгүй. Тэр үеэс хойш бүрэн тогтолцооноосоо салсан. Тиймдээ ч миний УИХ-д нэр дэвших асуудалд маш их саад тотгор учирсан. Гишүүдийнхээ дэмжлэгээр л гарч ирсэн. Сонгуульд оролцож байх үедээ шахалт, дарамтад орсон. 70 хувьтай байсан миний рейтинг сонгуулийн үеэр 30 гаруйхан хувьтай болж байлаа. Тийм их луйвар, схемийг миний тойрог дээр ажиллуулсан. Үнэхээр тасархай байсан учраас л би унаагүй юм билээ. Энэ зүгээр л миний аз. Түүнээс бусадтай адилхан эд нарын махны машинд орох байсан байх. Миний хувьд энэ тогтолцоотой тэмцэх ёстой гэж өдрөөс өдөрт ухамсарлаж байна. Энэ тэмцэл рүү шахаж байна. Өөрсдөө ч арга хэмжээ авч байна. Надад энэ бүхнийг сөрж зарчим, үнэт зүйлийнхээ талд гарах нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байгаад нь би баяртай байна. Харин тэд өөрсдийнхөө хийдэг зүйлээр биднийг харлуулж байгаа. Энэ бол угаасаа коммунист арга. Үүнд ард түмэн хууртдаггүй юм. Тэд харин үүнийг бодож үзээгүй байх.

-АН-ын дарга та бүхнийг дарангуйлагчийг дэмжлээ гэж байсан л даа. Энэ тухайд?

-Яаж дарангуйлагч байж чадах юм бэ. Хоёр, гурван сарын дараа гэхэд энэ Ерөнхий сайд чинь огцорчих нь. Тэр том амлалтыг биелүүлж чадахгүй шүү дээ. Би огцруулахын төлөө явна. Одоо ч огцруулахын төлөө явж байгаа. Түүнээс наана бүлэглэлийг нь дараад авчихмаар байгаа юм. Бүлэглэлийн хүчирхэгжих хэрэгсэл нь Ерөнхий сайдын огцролт байж болохгүй байхгүй юу. Эхлээд 60 тэрбум, ЖДҮ-ийг шалгаж, баримтуудыг нь гаргах ёстой. Хатигийг хагалах бус гадна талаас нь тос түрхээд намжаачих гээд байна. Тэгж болохгүй. Хатигийг зад татах ёстой. Ер нь ийм ардчилсан тогтолцоонд яаж дарангуйлагч байх юм бэ. 2004 он хүртэл Н.Энхбаяр дарангуйлагч л байлаа шүү дээ. Гэсэн ч дараа нь оймс гозойгоо л биз дээ. Ц.Элбэгдорж найман жилийн турш дарангуйлагч л байлаа. Гэхдээ одоо өмнөх байр суурин дээрээ л байгаа. Энэ бол Үндсэн хуулийн гайхамшиг юм. Одоо Үндсэн хуулиас дордуулсан долоон өөрчлөлтөө л зайлуулчих юм бол Монголын улс төрийн тогтолцоо зөвхөн ард түмний хараат болно.

-Таныг “Богд” банкиндаа хөрөнгө татах, ипотекийн зээл олгох бичгийг Засгийн газраар гаргуулах нь гээд байгаа. Мөн “Богд” банкинд бонд гаргах бичиг Сангийн сайдын ширээн дээр байна гэдгийг ч Ж.Мөнхбат гишүүн хэлсэн. Энэ үнэн үү?

-Хамгийн нарийн зүйлүүд ч ил гараад байгаа. Гэтэл надад тийм их хэмжээний мөнгөний асуудал байхад энэ хүмүүс юу гэж худлаа яриад суухав дээ. Маргааш нь л гэхэд хуулийн байгууллага намайг дуудаж аваачаад алах биз. Хуулийн байгууллагууд миний эсрэг юу олох вэ гээд чичрээд зогсож байгаа шүү дээ. Шууд л хэлье надад ямар ч тийм асуудал байхгүй. Ж.Мөнхбат гишүүн маш ёс суртахуунгүй хүн. Өөр шигээ төсөөлж байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байна. Улс төрийн наймаа, зодооноо жирийн байгууллагад аваачиж нааж байна. Би тэр хүнийг үзэн ядаж байгаа. Түүнтэй би шүүхийн өмнө уулзаж, хэзээ нэг өдөр үнэн мөнөө тогтоолгох болно. Уучлал гуйлгах болно. ЖДҮ шиг баримт байвал гаргаж ирээд ярь л даа. Би тэр баримтыг нь хүлээж байя. Үнэхээр тийм баримт байгаа бол хариуг нь өгье л дөө. Байхгүй учраас худал таамаг ярьж байгаа юм.

Д.Муратыг яасан ч муухай хэлмэгдүүлж доромжлов. Улс төрийн золиос болгосон. Өөрийн намаас нь хүн тиймэрхүү хэрэгт холбогдонгуут Д.Муратыг оролцуулж, зориуд хэрэг зохиосон. Огт хийгээгүй зүйлийг нь хийсэн болгосон. Эцэст нь зүгээр маргалдсан гэж шүүхдэж байна лээ шүү дээ. Ингэж болох уу. Ж.Батзандангийн ах 10, 20 жилийн өмнө ч тэр ажлаа хийж л байсан. Ж.Батзанданг гудамжинд байхад тэр хүн том дарга л байсан. Намдаа нэр хүндтэй л хүн юм билээ. Ер нь хүн бие даагаад амьдралаа аваад явдаг ахтай, эгчтэй байж болохгүй юу.

-2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Таны хувьд цаашдаа яахаар төлөвлөж байна вэ?

-Сонгууль яах вэ. Өнөөдөр дахиж хэзээ ч сонгууль болохгүй тогтолцоо руу явж байсан байна. Энэ аймшигтай тогтолцоо бүх намуудыг эзэлчихсэн. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Сингапурт очиж 76 нэр дэвшигчээ хуваарилдаг. Эсрэг өрсөлдөгчөөө шоронд хийдэг. Ард түмэнд мөнгө тарааж хүчээр сонгуульд ялдаг. Эргээд тэд нарт төр нь 100 хувь үйлчилдэг” гээд ярилаа. Энэ том тогтолцоо анх удаа нам харгалзахгүйгээр задарч байна. Эхлээд намын зодоон мэт л байсан. Эцэстээ Монгол Улс хөгжих үү, сүйрэх үү гэдгийг шийдэх асуудал болсон. Тиймээс бид орж тэмцсэн юм. Түүнээс аль нэг нам, Ерөнхий сайд, хувь хүн, хүчтэй, хүчгүй, шүдтэй, шүдгүй нь огт хамаагүй. Үр хүүхдээ эх орондоо аз жаргалтай амьдруулахын төлөөх тэмцэл болохоос биш энэ араатнуудын сайн, мууг үзэх гэсэн зүйл огт байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин