Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Гэхдээ энэхүү журмыг батлахад Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас шалтгаалах зарчмын зөрүүтэй санал гарсан учраас журмын зарим хэсэгт өөрчлөлт оруулах юм байна.

“Буянт-Ухаа 1” хорооллын 1764  айлын орон сууцанд төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэдээс захиалга авах, худалдахаар журамд тусгажээ. Тодруулбал, төрийн албан хаагч, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүл хамрагдах боломжтой. Төрийн албан хаагчдын хуваарилалтыг ТОСК-ийн Бодлого зохицуулах хороо хийж, төрийн байгууллагуудад хуваарилж, квотыг батлах юм. Харин зорилтот бүлгийн иргэдээс 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулахаар журамд тусгажээ.
 

                                              БАЙР АВАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Журамд тусгаснаар төрийн албан хаагч нь хоёроос дээш жил ажилласан байх шаардлагатай. Харин ахмад настан гэдэгт 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай байхаар тусгажээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан байх юм байна. Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртлэх насны гэр бүл байх шаардлага тавьжээ. “Буянт Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тооны хязгаар /квот/ хуваарилах зарчмаар худалдан борлуулах аж. Нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг зорилтот бүлгийн иргэдэд олгохоор журамлажээ.
 

АНХ УДАА БАЙР ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ИРГЭДЭД ОЛГОНО

Орон сууц худалдан авах иргэд Монгол Улсын иргэн байх, анх удаа орон сууц худалдан авч байгаа, төрийн болон аж ахуй нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх, банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх шаардлага тавьж байгаа юм байна. Үүнээс гадна, Засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны зээлийн хөтөлбөр, зургаан болон найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаагүй, урьдчилгаа 30 хувийг төлсөн, 15 жил худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байх шаардлагуудыг тавьж байгаа юм байна.
 

ТӨРИЙН АЛБАНЫХАН ДОТООДДОО ШАЛГАРУУЛАЛТАА ЯВУУЛНА

Журамд заасны дагуу төрийн байгууллагын квотыг ТОСК-оос батлах юм. Өөрөөр хэлбэл, аль төрийн байгууллагад хэдэн квот өгөхөө тодорхой баталж өгнө. Үүний дагуу төрийн байгууллага нь тухай байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан, энэ журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг ТОСК-д ирүүлэх юм байна.

Харин зорилтот бүлгийн иргэд ТОСК-оос зарласан хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхгийн дагуу байр худалдан авах сонирхолтой иргэд ТОСК-ийн цахим хуудсаар дамжуулан байр захиалах маягт бөглөж, цахим пин дугаар авах юм байна. Хэрэв зорилтот бүлгийн 40 хувиас хэтэрсэн өргөдөл ирвэл иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулахаар журамд тусгажээ.

Засгийн газраас орон сууцанд захиалга авах журмыг ийнхүү баталсан бөгөөд ТОСК нь орон сууцны талбайн хэмжээг олон нийтэд зарлах, захиалга авах хугацаа, гэрээ байгуулах гээд бусад бүх зохицуулалтыг хийнэ" гэдгээ мэдэгдлээ.

Х.Даваа