Б.Ихбаяр гэх энэ залууд цэргийн зарлан дуудах хуудас ирж, эрүүл гэж оношлогдож Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 327-р ангид томилогдон алба хааж байсан.

Цэрэгт татагдаад сар ч хүрээгүй байхад шүд нь өвдөж, энэ тухай цэргийн ангийн дарга, эмч нарт хэлэхэд тоогоогүй хугацаа алджээ. Түүний шүд олон хоног өвдөж улмаар идээлэн, хавдсан тул Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан гэнэ. Гэвч тухайн үед Б.Ихбаярын шүдийг авахдаа ёзоорыг нь бүрэн гүйцэт авалгүй дутуу үлдээсэн байна. Улмаар ёзоор нь идээлж, бугласан учраас цэргийн ангиас Цэргийн төв эмнэлэг буюу Госпитальд хүргэжээ. Түүнийг ирэхэд нь хагалгаанд оруулсан бөгөөд хагалгаа хийсэн эмч нь түүний хамрын хөндийд резинен бээлийнийхээ тасархайг үлдээжээ. Үүний улмаас хоёр ч удаа хагалгаанд орсон байна.  Өдгөө хүүгийн зүүн нүд хараагүй болсон байна.

Тэгвэл энэ бүхний хариуцлагыг эмч нар эхнээсээ хүлээж байна. Тухайлбал, Дорнод аймгийн “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”-д шүдний их эмч Б.О анхан шатны шүүхээс ял сонслоо.

Хэргийг 2018 оны 10-р сарын 15-ны өдөр хэлэлцсэн. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ-ын шүдний их эмчээр ажиллаж байх явцдаа тус аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Ихбаярын шүдийг авсаны дараа зажуурын хөндийд орсон шүдний ёзоорыг хугацаа алдалгүй авч, зажуурын хөндийн үрэвсэл үүсэхээс сэргийлж чадаагүйн улмаас хохирогч Б.Ихбаярын зүүн нүд хараагүй болсон өөрөөр хэлбэл эмч, эмнэлгийн мэргэжилтэн Б.О нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Ихбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргээр түүнийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруутай эсэхийг хэлэлцсэн.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Ихбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар ээлжийн цэрэг татлагад Дорнод аймгийн 327 дугаар цэргийн ангид хуваарилагдсан. Цэргийн албанд байх хугацаанд 11 дүгээр сард шүд өвдөөд зүүн талын дээд 26 дугаар шүдээ авахуулсан. Цэргийн нэгдсэн эмнэлэг госпитал дээр 3 удаа хагалгаанд орсон. 1 дэх хагалгаа нь шүдний ёзоор авах, гайморитын хөндий цэвэрлэх хагалгаанд орсон. 2 дахь хагалгаа нь гайморитын хөндийн үрэвсэл цэвэрлэх /ургацаг авах/ хагалгаанд орсон. 3 дахь хагалгаа нь нүдний доод ухархайн хана хайлсан байна гээд тэрийг өргөж тор тавих хагалгаанд орсон. Шүдний ёзоор үлдээд түүнээс идээт үрэвсэл үүссэнээс болж миний зүүн нүд хараагүй болсон. Хохирол төлбөр болох эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг нийт 11.440.432 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор гурван удаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилсон.  Тодруулбал,

  •  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 733 тоот дүгнэлтэд: “1.ЗХ-ний 327-р ангийн амбулаториор эмчлүүлэгчдийн картан дах шүдний эмчийн үзлэгт Б.Ихбаярын шүдийг авах болсон шалтгаан, шүд авах ажилбар хийсэн тухай тэмдэглэл байхгүй, шүд авсны дараа өвчтөнд тавьсан хяналт, эмчилгээ бүрэн бичигдээгүй байх тул Б.Ихбаярын шүдийг зохих стандартын дагуу авсан гэж үзэх боломжгүй байна. 2. Б.Ихбаярын шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын (гайморитын) хөндийд түлхэгдэн орсноос зажуурын хөндий үрэвссэн байх ба түүнийг цэвэрлэх хагалгааг зохих стандартын дагуу хийсэн байна. 3. Б.Ихбаярын зажуурын хөндий үрэвслийн улмаас уг хөндийн хананд ясны үрэвсэл үүсч, улмаар зажуурын хөндийн дотор хана, өмнөд дээд хана, дээд буюу нүдний ухархайн доод хананы ясны эд деструкци өөрчлөлтөд орж, дээд буюу нүдний ухархайн доод хананы ясны эд хайлсан, нүдний арын зайд цусан хураа үүсч нүд хөдөлгөгч булчин, судас, харааны мэдрэлийг дарж шахсанаас Б.Ихбаярын зүүн нүд хараагүй болсон байна. 4. 5. Б.Ихбаярын шүдийг авсны дараа зажуурын хөндийд орсон шүдний ёзоорыг хугацаа алдалгүй авч, зажуурын хөндийн үрэвсэл үүсэхээс сэргийлж чадсан бол дээрх хүндрэл гарахгүй байх боломжтой байжээ”
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 301 тоот дүгнэлтэд: "1. Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч Б.О-ийн үзлэгт Б.Ихбаярын шүдийг авах болсон шалтгаан, шүд авах ажилбар хийсэн тухай тэмдэглэл байхгүй, шүд авсны дараа өвчтөнд тавьсан хяналт, эмчилгээ бүрэн бичигдээгүй байх тул шүдийг авах ажилбарын стандарт зөрчсөн байна. Шүд авах үед нэг сурвалж нь үлдсэнийг мэдсээр байж удаан хугацаанд дараагийн арга хэмжээг /ёзоорыг оношлож, авах/ авалгүй удааж цаг алджээ. 2.Шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын /гайморитын/ хөндийд түлхэгдэн орох нь байж болох хүндрэл бөгөөд дан ганц эмчийн буруугаас гарах буруу үйлдэл биш болно. Үүнд эмчийн шүд авах техник, шүдний ёзоорын эмгэг өөрчлөлт, ёзоорын байрлал зэрэг нь нөлөөлнө. 3.Зүүн зажуурын хөндийн идээт үрэвсэл нь анх шүд авхуулсны дараа шүдний ёзоор уг хөндийд үлдсэнээс үүсчээ. Б.Ихбаярын зажуурын хөндийг цэвэрлэх мэс засал нь стандартын дагуу хийгдсэн байна. 4.Ясны эдийн деструкци гэдэг нь идээт үрэвсэл, түүний архаг удаан явцын улмаас ясанд халдвар тархан тэжээлгүй болж, ясны хэвийн бүтэц алдагдан ясны хана эвдрэлд орж үхжилд орохыг хэлнэ. 5. Шүдний ёзоор зажуурын хөндийд үлдсэнээс зажуурын хөндий үрэвсэж улмаар уг хөндийн хананд ясны архаг үрэвсэл үүсэн зажуурын хөндийн дотор хана, өмнөд дээд хана, дээд хана буюу нүдний ухархайн доод хананы ясны эд бүтэц алдагдалтанд үхшин, идээт процесс ухархайн дотор тал руу орж нүдний арын зайд цусан хураа үүсч нүд хөдөлгөгч булчин, судас, харааны мэдрэлийг дарснаас харааны мэдрэлийн хатангиршил үүсч Б.Ихбаярын зүүн нүд хараагүй болсон байна. 6.Шүдний ёзоорыг зажуурын хөндийд үлдээн удааснаас зажуурын хөндийн идээт үрэвсэл үүсчээ. Улмаар ухархайн доод хана үрэвсэн бүтэц алдагдан эвдрэлд оржээ. Үүний улмаас нүдний алимны арын цус хуралт, нүдний артерийн дарагдал үүсч цус хангамж алдагдан харааны мэдрэл хатангиршин зүүн нүд хараагүй болжээ. 7.Б.Ихбаярын зажуурын хөндийг угааж цэвэрлэх анхны хагалгаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.Ихбаярын нүд өвдөөгүй, эмгэг өөрчлөлтгүй байсан байна. 8.Гайморитын хөндийн идээт үрэвсэл нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хагалгааны дараа үргэлжилсэн байна. 9.Хагалгааны үед зажуурын хөндийд урсгуур резин үлдээдэггүй. 10. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хагалгааны бичлэгт урсгуур тавьсан тухай байхгүй бөгөөд хэрэв фолея зондыг хэлж байгаа бол 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шингэнийг соруулан авч гуурсыг авсан байна. 2017 оны 02 дугаар сарын 07-нд зүүн хамрын хөндийг угаахад 1:5 см хэмжээтэй цагаан резин бээлийний тасархай гарч ирсэн гэж тэмдэглэсэн байна. Үүнийг хэзээ, хэрхэн тавьсан нь тодорхойгүй, мөн зажуурын хөндийг цэвэрлэх хагалгааны үед үүнийг үлдээдэггүй. 11.Зажуурын хөндийгөөс резин урсгуур гарах үед идээт үрэвсэл нь үргэлжилж байжээ. 12. 002500/5985 дугаартай өвчний түүхэн дэх 2017 оны 03 дугаар сарын 17-ны нүдний эмчийн бичлэгт “Ретробульбарная гематома” онош тавьж цусан хураа үүссэн болохыг тогтоосон байна. 2.16.Шүд авах ажилбар стандартын дагуу хийгдсэн эсэхийг шүдний мэргэжлийн эмч нараас дүгнэлт авах шаардлагатай. Зажуур хөндийн хоёр удаагийн мэс заслын бичлэгийг харахад MNS 5952/2008 стандартыг мөрдсөн байна. 2.17. ба 2.18. асуултуудад нүдний мэргэжлийн эмч нараас дүгнэлт авах шаардлагатай. 4. ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн эмчийн дүгнэлт: 2018 оны 2 дугаар сарын 19... НАС-ын мэргэжлийн зөвлөл хавтаст хэрэг, холбогдох бичиг баримт, шинжилгээ, КТ-ийн зурагтай танилцаад прокурорын асуултуудад хариулт өгч байна. Үүнд: 2.1.Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч Б.О нь Б.Ихбаярын шүдийг авах болсон шалтгаан, шүд авах мэс ажилбар хийсэн тэмдэглэл зэрэг эмчилгээтэй холбоотой тэмдэглэлийг өвчтөний түүхэнд бичээгүй нь эмчийн үйл ажиллагааны стандарт зөрчсөн байна. 2.2. Шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын хөндийд түлхэгдэн орох нь байж болох хүндрэл бөгөөд дан ганц эмчийн буруугаас гарах буруу үйлдэл биш болно. хамрын хөндий үрэвсэх болсон шалтгаан нь шүд авах мэс ажилбар, чихэгдэж үлдээсэн шүдний ёзоор үлдсэнтэй холбоотой байх боловч 1.Б.Ихбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдсан ба 2016 оны 11 дүгээр сарын 15-нд буюу 1 сар хүрэхгүй хугацаанд шүд өвдөн авахуулахаар болсон нь, мөн талх /зөөлөн төрлийн хоол/ идэж байхад хугарсан нь цоорол удаан хугацаанд үргэлжилсэн, архаг үрэвсэлтэй байсныг үгүйсгэхгүй байна. 2.Чихэгдэж ороод үлдсэн ёзоор нь рентген зурагт хөдөлгөөнгүй аль нэг талд хазайлгүй босоо байгаа нь зажуурын хөндийд мөхлөнгөр эд үүссэн байх магадлалтай байна. Зажуурын хөндийг нээж уг мэс ажилбар стандартын дагуу хийгдсэн байгаа нь өвчтөний түүхийн тэмдэглэлд бичигдсэн байна. 2.4. Ясны эдийн деструкц нь халдвараас үүссэн идээт үрэвсэл түүний архаг хэлбэрт удаан явснаас ясанд халдвар тархан тэжээлгүй болж хэвийн бүтэц алдагдсанаар ясны зузаан нимгэрч, эвдрэлд орохыг илтгэнэ. 2.5.Дээд буюу нүдний ухархайн доод хананы ясны эд хайлсан гэдэг нь магадгүй нянгийн гаралтай үрэвсэл удаан хугацаанд үргэлжилсэнээр яс халдварлагдаж хэсэг газрын ясны идээт үхжилт үрэвсэл /Local osteomyelitis/ явагдаж яс хэвийн бүтцээ алдсан байх боломжтой. 2.6. Шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын хөндийд түлхэгдэн орсоноос зажуурын хөндий үрэвссэн гэсэн нь шүд авсан эмчийн алдаа байх мэт боловч Б.Ихбаяр цэрэгт ирэхдээ архаг үрэвсэлгүй байсан гэдгийг тодорхойлох боломжгүй тул шууд буруу үйлдэл хийсэн, эс хийсэн гэж дүгнэх боломжгүй байна. Хэнийг буруутай үйлдэл хийснийг шүүхийн байгууллага тогтоох учир хариулт өгөх боломжгүй байна. Нүд хараагүй болж болох шалтгаан /хавсралт-2/-т хавсруулав. 2.8.Эхний мэс засал буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хагалгааны тэмдэглэлд хүндрэл гарсан тухай байхгүй. Үүссэн полипийг хусаж авсан гэх ба шүдний ёзоорыг гаргаж авсан тухай тэмдэглэл байхгүй. Фолея зонд тавьсан ба тодорхой хугацааны дараа авсан гэх бөгөөд урсгуур резин тавьсан тухай тэмдэглэл байгаагүй тул үрэвсэлтэй шүдний ёзоор дахилт өгсөн үү эсвэл хэн хэзээ үлдээсэн нь тэмдэглэгдээгүй. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарч ирсэн резинэн урсгуур уу гэдгийг тодорхойлох боломжгүй. 2.9.Гайморитын хөндийд урсгуур резин үлдээдэггүй. 2.10.Тэмдэглэлээс харахад урсгуур тавьсан тэмдэглэл байгаагүй бөгөөд хэрэв фолея зонд хэлж байгаа бол 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шингэнийг соруулан авч гуурсыг авсан байна. 13. Идээт гайморитын хөндийн үрэвслийн улмаас зажуур хөндийн дээд хана буюу ухархайн доод хана, дотор ханын нягтрал эрс буурсан, ясны эд үрэвсэн бүтэц алдагдсан нь цусан хураа үүсэхэд нөлөөлсөн байна. /Хавтаст хэргийн 54-р хуудсанд, хамар дайврын КТ-ийн шинжилгээний дүгнэлт 2017 оны 03 дугаар сарын 09/ 14. Ухархайн хөндийд нүдний алимны арын цус хуралт, нүдний артерийн дарагдал үүсч цус хангамж алдагдан харааны мэдрэл хатангиршин зүүн нүд хараагүй болжээ. 15. Нүдний алимны ард цусан хураа үүссэн нь гайморитын хөндийн идээт үрэвслийн улмаас үүссэн. Энэ үрэвсэл нь шүдний ёзоор зажуурын хөндийд удаан байснаас үүсчээ. 16. Шүд авах ажилбар, гайморовын хөндийд хийсэн мэс засал нь зохих ёсоор хийгдсэн. 17. Б.Ихбаярын зүүн нүдний мэдрэл хатингаршсан тул хараа сэргэхгүй, бүр мөсөн хараагүй болжээ. 18.Нүдний алимны ард цусан хураа үүссэн, судасны бүлэн зэргээс нүдний мэдрэл хатингаршин нүд хараагүй болжээ” гэжээ
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 862 тоот дүгнэлтэд: "1. Б.Ихбаярын зүүн нүд бүрэн хараагүй болсон нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн. 

Эмч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт”...Хохирлоо төлж барагдуулна, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэж мэдүүлснээр хэргээ хүлээсэн юм.

Тиймээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ү овогт Б.О-ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 2700 нэгж /хоёр мянга долоон зуу/ буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Энэ бол ЗХЖШ, ЭМЯ-ны хариуцлага алдсан асуудал. Ажилдаа алдаа гаргах эрхгүй мэргэжлийн байгууллагын буруугаас болж өнөөдөр нэг залуу хараагүй боллоо.  Цэрэгт татагдсан хүндээ хугацаа алдахгүй эмнэлгийн тусалмж үзүүлээгүй нь ЗХЖШ-ын хайхрамжгүй байдал, ажилдаа хариуцлагагүй хандсан эмчийн буруу...

Цаашид ийм байдал дахин давтагдахгүй байхын төлөө бид энэхүү нийтлэлийг бэлтгэсэн бөгөөд ЗХЖШ болон ЭМЯ ийм асуудал гаргахгүй байхад анхаарна биз ээ!!!