Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг шинэ шатанд гаргах, арга барилаа шинэчлэх, хандлагаа өөрчлөн ажиллах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудын удирдлагуудад Зөвлөмжийг хүргүүллээ. Тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Зөвлөмж  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН 

ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН ТАНАА

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурлыг Хүний эрхийн Үндэсний Комисс Гадаад харилцааны яамтай хамтран ХЗДХЯ, ГХЯ, УЕП, ШЕЗ, ЦЕГ, ШШГЕГ зэрэг хууль сахиулах байгууллагуудын төлөөллийг оролцуулан 2018 оны 12 сарын 05-ны өдөр зохион байгуулсан билээ.

Уг онол, практикийн бага хурлаар хууль сахиулах байгууллагуудын хүрээнд бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл зэрэг жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлын талаарх холбогдох байгууллагуудын илтгэлийг хэлэлцэж, жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх, энэ төрлийн хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэдтулгамдаж буй бэрхшээл, ололт амжилтын талаар баримт, кэйст тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралд оролцогчдын илтгэл, хурлын хэлэлцүүлгээс харахад жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 2016 онд 15842, 2017 онд 31853, 2018 оны эхний 10 сарын байдлаар 32878 болж өссөн ч хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа сул, нэгдсэн статистик тоо мэдээлэл байхгүйгээс энэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж чадахгүй байгаа нь харагдаж байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг шинэ шатанд гаргах, арга барилаа шинэчлэх,хандлагаа өөрчлөн ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу дараах Зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/73 тушаалаар баталсан –"хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр”-ийн агуулга, арга зүйг сайжруулах, энэ чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай гэрээлэх замаар мэргэжилтнүүдийг бэлтгэх;

2. Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх арга тактик, хохирогчийн сэтгэл зүйн онцлог, тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчтэй хэрхэн ажиллах зэрэг агуулга бүхий цагдаагийн бүх шатны алба хаагчдад зориулсан заавал хамрагдах тусгай сургалтын хөтөлбөрийг Хууль сахиулах сургуулийн сургалтын хөтөлбөрт шинээр оруулах, мөн энэ чиглэлээр Комиссоос бэлтгэгдсэнцагдаа, шүүхийн шийдвэрийн сургагч багш нарыг татан оролцуулах замаар хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмолжуулах;

3. Цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага мэдээлэл, жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэд, ялангуяа эрсдэлтэй хохирогчийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг бүрэн, нарийвчилсан байдлаар бүртгэх "Мэдээллийн нэгдсэн систем”-г тусгайлан бий болгох;

4.Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн хохирогчийг хамгаалалтад авах хамгаалах байрны хүрэлцээ хөдөө орон нутагт дутмаг байгаа тул судалгааг нэг бүрчлэн гаргаж мэдээлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

5. Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн хэргийг шалгаж шийдвэрлэхдээ бусад гэмт хэргээс ялгагдах шинж, хохирогчийн сэтгэл зүйн онцлог зэргийг харгалзан үзэж, мэдрэмжтэй хандах, энэ талаарх практикт тогтсон сөрөг хандлагыг өөрчлөх үр дүнтэй ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулах;

6.Шүүх энэ төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай гүйцэтгэх хуудсыг зарим тохиолдолд бичиж ирүүлдэггүйгээс төлбөр барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулж буй тул шүүхээс энэ асуудлыг онцгойлон анхаарч, энэ чиглэлээр дотоод хяналтыг сайжруулан хуулийн дагуу ажиллах;

7. Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэрэг нь ихэвчлэн ойр дотны, ахуйн хүрээнд үйлдэгддэг нь хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөд хүндрэл учруулдаг, түүнчлэн олон дахин мэдүүлэг өгөх нь хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлж, мэдүүлгээс буцах зэрэг нөхцөл байдал үүсдэг тул хохирогчийн мэдүүлгийг видео хэлбэрээр баримтжуулах эсхүл тусгай өрөөг шүүхийн танхимд шинээр тохижуулах, шүүх хуралдаанд дэлгэцээр харуулах байдлаар мэдүүлэг авах боломжийг судлах;

8. Жендэрээс үүдэлтэй гэмт хэргийг хянан хэлэлцэхэд өмгөөлөгчийг заавал оролцуулдаг болох;

9. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан "хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” үйлдлийг практикт нэг мөр ойлголтгүйгээс ял завших байдал гарах эрсдэлтэй байх тул УДШ-ээс холбогдох хуулиудад тайлбар гаргах;

10. Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхдээ бусад улсуудын сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх замаар жендэрээс үүдэлтэй хүчирхийллийг таслан зогсооход шат шатандаа тодорхой үр дүнтэй ахиц дэвшил гаргах;

11. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт торгох ял оногдуулах нь хохирогчид давхар дарамт учруулдаг тул шүүхээс хуульд заасан ялын сонгомол төрлүүдийг хэрэглэх боломжийг практикт хэрэгжүүлэх мөн Эрүүгийн хуулийн 7.3 -ийн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл болох "зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах”, "тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” зэрэг албадлагын арга хэмжээг оногдуулсан ял дээр нэмж авах;

12. Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн сэдвийг хуульчдын заавал судлах кредит сургалтын хөтөлбөрт оруулах түүнчлэн энэ сэдвийг хууль сахиулах байгууллагуудын сургалт болон давтан сургалтын хөтөлбөрт батлан мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавих нь зүйтэй байна.

Энэхүү зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү. Хурлын илтгэлийн эмхэтгэлийг хавсаргав. 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮНП.ОЮУНЧИМЭГ