УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, УИХ-ын нэр бүрий 38 гишүүн албан бичиг хүргүүлээд буй билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын дарга мэдэгдэл хийв.

Тэрбээр: “УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн шаардлагыг хэлэлцэж, тодорхой дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.

 

Уг байнгын хороог хуралдаж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл миний бие УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй.

Энэ хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулган удирдах болно. Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байсан. Энэ удаагийн шаардлагад гарын үсэг зурсан 38 гишүүнээс 34 нь манай намаас сонгогдсон байна. Би УИХ-ын даргаар хуулийн дагуу сонгогдсон. Тиймээс хуулийн дагуу огцрох болно. Миний хувьд Монгол Улсын хууль, дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл хийж байгаагүй” гэлээ.

Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалахаар болж байна.

 

Э.Мягмар