Шинэ жилийн арга хэмжээ болсон хүлээн авалтын танхим

“Оюуны ундраа” группийн Зайсан толгойн орчмын газрыг дундуур нь хуваан барьсан “Зайсан хилл” соёл амралтын төвд 100 гаруй хүн хоолноос хордсон хэрэг гарлаа. 11 давхар бүхий шилэн гүүртэй, 28.000 м.кв тус газар нь энэ оны тавдугаар сард бүрэн ашиглалтад орж, нээлтээ хийсэн байдаг. 1000-н хүний хүчин чадалтай хүлээн авалтын танхимд нь энэ сарын 7-ны өдөр шинэ жилийн арга хэмжээ болж, нэгэн албан байгууллагын 100 гаруй хүн хоолны хордлогод орж, 20 гаруй нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал, 1998 онд байгуулагдсан, өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгосон “НВЦ”ХХК-ийн 300 гаруй ажилчид тус газарт шинэ жилийн хүлээн авалтаа хийсэн боловч харамсалтай нь дараа өдрөөс нь эхлэн Халдварт өвчин судлалын төв \ХӨСҮТ\-д хүргэгдсэн байна. Тус хүлээн авалт болсон газарт очиход “Event hall”-ийн туслах зохион байгуулагч “Арванхоёрдугаар сарын долооны өдөр манай дээр тус байгууллага шинэ жилийн хүлээн авалтаа хийсэн нь үнэн. Гэхдээ би тухайн өдөр байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна” гэжээ.

“НВЦ” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах төв байранд очиход “Ийм зүйл болсон. Бид тухайн өдөр уг нь баяр гээд бүгд хөөрцгөөсөн байсан. Арга хэмжээ гоё ч газар болсон. Баяр оройн 11 цагийн үед өндөрлөсөн юм. Хоёр төрлийн хоол, салат, уух зүйлийг бидэнд өгсөн. Өгсөн зүйлийг нь бүгд гоё гээд идээд л байсан. Тухайн үед хоолноос ямар нэгэн эвгүй амт, үнэр мэдрэгдээгүй, гэтэл баярт оролцсон зарим хүмүүст маргааш өдрийн үүрээр хордлогын шинж илэрсэн гэсэн. Гэдэс нь базалж, толгой нь эргээд, бөөлжмөөр санагдаад байсан гэсэн. Манай баяр өнгөрсөн тав дахь өдөр болсон юм л даа. Тэгээд даваа гаригт нь ажилдаа ирэхэд нэлээд хэдэн хүний бие нь муудсан гэсэн яг ижил шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн байсан. Миний бие ч бас эвгүйрхээд л байсан. Эрэгтэй хүн болохоор тоогоогүй. Эхний өдөр нь фатлазол хэд давхарлаж уугаад намдахгүй болохоор нь нэг өдөржин цээжээ хорстол хоросол ууж байж арай гайгүй болгоод ажилдаа ирсэн. Гэхдээ надад бол халуурч, бөөлжих шинж илрээгүй” хэмээн нэгэн ажилтан нь ярьсан юм. “Зайсан хилл”-ын “Event hall” нь доод тал нь 200 хүний хүлээн авалт хийдэг бөгөөд баярын менюны хамгийн хямд нь 140 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж. Үүнд, хоёр төрлийн хоёрдугаар хоол, зууш, уух зүйл, угталтын үйлчилгээ багтсан бол заалны түрээс нь тусдаа бөгөөд хэдэн саяар тоологддог аж. Мөн 160,180, 200 мянган төгрөгийн үнийн сонголттой баярын цэстэй. Өндөр зэрэглэлийн, үнэтэй гэгддэг тус газраар үйлчлүүлсэн иргэд хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн ч арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх бүх өдрүүдэд хүлээн авалттай, битүү захиалгатай байна. “Event hall”-ын арга хэмжээний хоолыг “Asian catering” ресторан хариуцан хийдэг гэж тус газрын туслах зохион байгуулагч хэлсэн юм. Гэхдээ тус өдрийн хоолыг “Bluefin”-ээр хийлгэсэн байна. “НВЦ”ХХК-ийн ажилчдаас гадна “Bluefin”-ийн ажилчид ч хордлогод орсон гэнэ. Үүнтэй холбогдуулан баярын арга хэмжээнд оролцсон нэгэн хүн “Тухайн өдөр “Bluefin” хоолыг нь хариуцаж хийсэн. Хүмүүс хордлогод орсон нь үнэн. Манай хүмүүсээс гадна хоол хийсэн газрынхан ч хордлогод орж, хамт хүргэгдсэн гэдгээс өөр мэдээлэл байхгүй байна. Дүгнэлт гараагүй байгаа болохоор яг юунаас болсныг нь мэдэх боломжгүй юм билээ” хэмээв.

“НВЦ”ХХК-ийн үйлдвэр Төв аймгийн Баянчандмань суманд байдаг аж. Тэндхийн ажилчид нь ч бас шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Гэхдээ дараа өдөр нь нутаг буцацгаажээ. Гэтэл орон нутгаас ирсэн хүмүүсийн заримынх нь биеийн байдал бас муудсан бөгөөд хот руу ирэх боломжгүй тул орон нутгийн эмнэлэгтээ эмчлүүлж байгаа аж. Энэхүү үүссэн асуудалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан талаараа энэ сарын 12-ны өдөр хийсэн хурлынхаа үеэр мэдэгдсэн юм. НМХГ-ын ХХААХХ-ийн улсын ахлах байцаагч Б.Хонгор “Энэ мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу мэргэжлийн хяналт шалгалтын ажил хийж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор эцсийн дүн гараагүй байгаа учир тодорхой хариу өгөх боломжгүй” гэсэн. ХӨСҮТ-ийн ажилтнуудаас хэргийн талаар болон анх ирэхдээ ямар шинж тэмдэгтэй ирснийг нь мэдэх гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. Харин эх сурвалжийн хэлж буйгаар “Гадуур таваас зураан хүн л хоолны хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн гэж яриад байгаа боловч үнэндээ 20 орчим хүн байгаа. Одоогоор тэдэнд шингэн нөхөх эмчилгээ болон хордлого тайлах, дусал хийж байгаа. Анх хүргэгдэж ирэхдээ хүмүүс цонхийчихсон, шингэний алдагдалд орсон, ямар нэгэн зүйл идсэн л бол 2-3 цагийн дараа шууд гүйлгэх шинж тэмдэг илэрч байсан. Мөн бөөлжих, хэхрүүлж, хэвлий нь хийгээр дүүрч байсан. Эмчилгээ хийснээс хойш харьцангуй гайгүй байна” гэв. Харин хордсон хүмүүс “Бид тэр өдөр юм ч идэх завгүй явж байсан. Баярын өдөр юу өмсөх вэ гээд л дор бүрнээ завгүй гүйцгээж байгаад л арга хэмжээ эхлэх үед Зайсанд очиж л юм идсэн. Тиймээс хоолноос болсон байж магадгүй гэж бодож байгаа. Биднийг энд хэр удаан эмчлэхийг мэдэхгүй байна. Уг нь баяраа л тэмдэглэсэн. Гэтэл баярын балгаар шинэ оноо бараг эмнэлэгт угтахаар болчих шиг боллоо” гэж байв.

З.МӨНХСУВД

Өдрийн сонин