Өнөөдөр аймгийн төв Сүхбаатар суманд аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр нэгэн шинэ орон сууц баригдаж ашиглалтанд орлоо. Монгол Улсын БААТАР Ж.Нэхийтийн нэрэмжит дэд хурандаа В.Намхайнямбуу захирагчтай Хилийн 0101 дүгээр ангийн хамт олон “Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрийн хүрээнд аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцны фондыг нэмэгдүүлэх зорилгоор 14 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж албан ёсоор нээлтээ хийлээ.

Шинэ орон сууцны туузыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Хилийн 0101 дүгээр ангийн захирагч В.Намхайнямбуу, ХХЕГ-ын ХШҮДАГ-ын дарга хурандаа Д.Чойбаатар нарын албаны хүмүүс хайчиллаа. “Хилчин хотхон”-ны анхны эзэд энэ өдөр түлхүүрээ гардан авч төвлөрсөн дулаан, бохирт холбогдсон байраа хүлээн авав.

Ийнхүү хилчин шалгагчид ар гэртээ санаа зовохгүй ажил албаа гүйцэтгэж, ая тухтай тохилог орчин нөхцөлд амьдрах боломж нөхцөл бүрдэж байна. Орон сууцны барилгыг 0101 дүгээр ангийн ажилтан, албан хаагчид, цэргүүд 2 сарын хугацаанд барьжээ.

Орон сууцыг барихад аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил болон “Халиун Уул”, “Сэлэнгэ Титан”, “Сэлэнгэ АЗЗА” зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ангийн нийт бие бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлснийг уламжилъя.

Хэдхэн хоногийн өмнө аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэхүү орон сууцтай танилцаж цаашид аймгийн хэмжээнд тэр тусмаа сум орон нутагт барих бололцоог судалсан билээ.