Сэлэнгэ бол анхны атрын шан татсан, газар тариалангийн бие даасан салбарыг хөгжүүлэхэд онцгой үүрэг хүлээсэн газар нутаг. Энэ л түүхэн хугацаанд газар тариалангийн салбарт гар бие оролцож, мэдлэг ур чадвар, хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ зориулан алдар гавъяагаа мөнхжүүлэн дуурсгасан олон арван алдартнууд төрөн гарсаар байгаа. Энэ салбарынхан бол ард түмнээ экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж  яваа баялаг бүтээгчид юм. Энэ удаагийн Ургацын баяр атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн босго 59 дэх жил байснаараа онцлог байлаа.

Энэ өдөр Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэгийн эзэн, аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлийн эзэн, салбар яам, аймгийн шагналын эзэд баярын хурал дээр шагналаа гардан авч баяр нэмлээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуй нэгж, 150 иргэд байгаа бөгөөд нийт 305,5 мянган га эргэлтийн талбайг эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Жилд дундажаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж,125 гаруй мянган га-д уринш бэлтгэж байна.

2018 онд байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалтын явцад хүндрэл бэрхшээл тулгарсанч тариаланчид маань өөрсдийн мэдлэг туршлага, техникийн хүчин чадлыг зүй зохистойгоор хуваарилан ашиглаж, аймаг, орон нутгийн хамтын хүч дэмээр төлөвлөсөн ургацаа бүрэн хэмжээнд хураан авлаа. Улаанбуудай 128,6 мянган га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 14,2 цн буюу 182,9 мянган тн, тосны ургамал 17,9 мянган га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 6,8 цн буюу 12,1 мянган тн, тэжээлийн ургамал 14,7 мянган га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 12 цн буюу 17,6 мянган тн, төмс 2654 га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 133 цн буюу 32,1 мянган тн, хүнсний ногоо 2618 га талбайд хураалт хийж нэгж талбайгаас 124,0 цн буюу 31,6 мянган тн ургац хураан авч, Улсын хэрэгцээт үр тарианы 50 орчим хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36 хувийг хангаад байна.

Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд аймгийн удирдлагын бага “СЭЛЭНГЭ АЙМГИЙГ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГ ЭРХЛЭХ СТРАТЕГИЙН БҮС НУТАГ БОЛГОХ” саналыг Засгийн газарт уламжилснаар 2018 оны Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн 16 сумын 46 багийг газар тариалангийн бүс нутаг болгон тогтоосон.

Байгаль цаг уурын хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай уялдуулан манай тариаланчид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ганд тэсвэртэй, богино болцтой, арвин ургацтай буудайн сорт сонгож тариалахыг чухалчилж байна.

Цаашид эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болсонтой холбогдуулан сэлгээндэх таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээлийн ургамал тариалж, рапсыг нийт тариалах талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогыг аймгийн зүгээс баримтлан ажиллах юм.

Мөн ашиглаж эзэмшиж байгаа талбайнхаа хөрсний үржил шимийг дээшлүүлэх эвдрэл, элэгдэлээс хамгаалах үүргийг газар тариалан эрхлэгчид ухамсарлан, сум орон нутгийн онцлогт тохирсон, өөрийнхөө нөөц бололцоонд тулгуурлан хөрс хамгаалах технологийг мөрдөх шаардлагатай байгаа юм.

Аймгийн зүгээс төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, хүн ардаа экологийн цэвэр хүнсний ногоогоор хангах, нэр төрлийг  олшруулах, хүнсний ногоо тариалагч иргэн, айл өрх, аж ахуйн нэгжийн ашиг орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо хөтөлбөр”, “Жимж, жимсгэнэ  хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Мөн ногоочдынхоо борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын томоохон зах, супермаркет, худалдааны төвийн талбайд 17 сумын 270 гаруй ногоочид 2150 тн төмс, 3250 тн хүнсний ногоо, 10000 ш даршилсан ногоо, 3,1 тн жимс жимсгэнэ, 2 тн зөгийн бал борлуулж, 4,2 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн дүн мэдээтэй байна.

Хушаат сумын “Элит үр” ХХК-тай хамтран Сэлэнгийн бүсэд тохирсон өндөр ургацтай, амтлаг “Сэлэнгэ-5” сортын төмсний үрийг 2019 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж Сэлэнгийн брэндийг бий болгох, Шаамар суманд “Өсөх буудай” ХХК-тай хамтран хүлэмжийн загвар аж ахуй байгуулах ажлуудыг эхлүүлээд байна.

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 30-н хоршоо, Адра олон улсын байгууллагатай, Монгол ногоо төсөлтэй хамтран органик хүнс үйлдвэрлэх ажлыг хийж байна. Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн газартай хамтран төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулатыг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор гар утасны аппликэшин боловсруулан 2019 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Атар газар эзэмшсэний 60-н жилийн ойг атарчдын алдраа дурсах, хойч үедээ сурталчилан, таниулан ёслол төгөлдөр тэмдэглэх учиртай. Ахмад, дунд, залуу үеийн дурсамж уулзалтыг зохион байгуулах, “Атар газар эзэмшсэн 60-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх” онол үйлдвэрлэлийн бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэдийг өргөн оролцуулж, зохион байгуулах, атар эзэмшихэд байгуулагдсан Сэлэнгэ аймгийн САА-н суурин дээр өнөөгийн сумд суурилан хөгжиж байгаа тул сум бүр САА үүсэн байгуулагдсан он цаг, нэрийг мөнхлөх зорилгоор сум орон нутаг судлах танхимд атарчдын булан байгуулан алдарыг мөнхжүүлэх, Газар тариалангийн дэвшилтэд техник, технологийн талаар Фарм шоу зохион байгуулах зэргээр олон ажлыг төлөвлөөд байна.

 

“СЭЛЭНГЭ УРГАЦЫН БАЯР 2018” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД

1.Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудайн ургац авч тэргүүлсэн сум-ХУШААТ

2.Нэгж талбайгаас хамгийн их төмс хураан авч тэргүүлсэн сум-ОРХОН

3.Нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногоо хураан авч тэргүүлсэн сум-МАНДАЛ

4.Газар тариалангйин салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж-Зүүнбүрэн сумын “АРВИН ХУР”ХХК

5.Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудайн ургац хурааж тэргүүлсэн аж ахуйн нэгж-Хушаат сумын “МОМО АГРО”ХХК

6.Хамгийн их жимс жимсгэнэ тариалж хураан авсан аж ахуйн нэгж, иргэн-Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн С.НАРАНЦОГТ

7.Хөрс хамгаалах чиглэлээр дэвшилтэт арга технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж-Хушаат сумын “ӨГӨӨЖ МАНДАЛ УУЛ”ХХК

8.Газар тариалангийн салбарын шилдэг менежерээр-Цагааннуур сумын “ТОВХОН ХАН”ХХК-ний захирал Г.ЭНХБОЛД

9.Газар тариалангийн салбарын шилдэг механикжуулагчаар-Цагааннуур сумын “СЭЛЭНГЭ ТАРИА”ХХК-ний механикжуулагч Ч:ЧИМЭДДОРЖ

10.Шилдэг өрхйин аж ахуй эрхлэгчээр-Сүхбаатар сумын Хонгорморьт 1-р багийн ногоочин Л.Алтанцаг

“Сэлэнгэ ургац-2018” арга хэмжээнд зориулсан үндэсний бөхийн барилдаанд у/з Батмөнх, у/х Бат-Өлзий, у/х Б.Одгэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан онцгой сайхан болж өндөрлөлөө. Сэлэнгэ нутгаас төрсөн  үндэсний бөхийн 21 дэх аварга Г.Эрхэмбаяр хүрэлцэн ирж үзэгч олноо баясгав. Уран хурц, сонирхолтой, үзүүштэй барилдаанд у/х Бат-Өлзий түрүүлж, у/з Батмөнх үзүүрлэн, у/х Б.Одгэрэл шөвгөрлөө. Бөхийн барилдааныг “Өег” гурил ХХК ивээн тэтгэж түрүү бөхийг 1,500,000, үзүүр бөхийг 1,000,000, шөвгөрсөн бөхийг 500,000 төгрөгөөр байллаа.

Сэлэнгэ аймгийн алдар гавъяаг бүтээлцсэн үе үеийн тариаланчид, төмс, хүнсний ногоо тариалагч та бүхний минь заяа буян тэгширч явах болтугай. Хүн ардаа хүнсээр хангах буянтай бөгөөд нэр төртэй ажил үйлсд нь амжилт хүсье.