БНСУ-д өсвөр насны хүүхдүүдээс бус өндөр настнуудаас болгоомжлох хэрэгтэй болжээ. Тус улсын Статистикийн хорооны тайлан мэдээнд тэмдэглэснээр, сүүлийн таван жилийн хугацаанд 65 болон түүнээс дээш насны хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь 45 хувиар өссөн байна.

Ноцтой гэмт хэргүүдээс дурдвал, хүн амины хэрэг, галдан шатаах гэмт хэрэг, хүчин болон дээрмийн гэмт хэрэг зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээр гэмт хэрэг гаралтын тоон үзүүлэлтийг 2013 оны мөн үетэй харьцуулахад 70 хувиар өсчээ.

Энэ оны 11 дүгээр сард 70 гаруй настай эрэгтэй илгээмжийг нь оройтуулсан хэмээн шуудан зөөгчийн биед гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Цагдаагийн ажилтнууд ирэхэд хөгшин эр илгээмжээ хоёр хоногийн өмнө ирсэн гэдгийг мартсан байжээ.

Харин өнгөрсөн наймдугаар сард 70 настай хүн усны маргааны улмаас төрийн хоёр албан хаагчийн аминд хүрч, хөршийнхөө биед гэмтэл учруулсан хэрэг гарсан байна. Мөн энэ оны дөрөвдүгээр сард 69 настай эмэгтэй тосгоны арга хэмжээний үеэр ажиллаж байх үеэрээ загасны шөлөнд пестицид хийсэн хэрэг гарчээ.

БНСУ-ын хүн амын 14 гаруй хувийг 65-аас дээш насны хүн эзлэх болсон нь НҮБ-ын ангиллаар хүн амын насжилт өндөртэй улсуудын тоонд багтах болсон юм. НҮБ-ын ангиллын дагуу өндөр настанууд нийт хүн амын 7-оос дээш хувийг эзлэх үед ингэж нэрлэдэг байна. 

“Өндөр настай хүмүүс нийгэмд хувь нэмрээ оруулж, ажил эрхлэх боломж байдаггүй нь тэдэнд тусгаарлагдсан мэт мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ нь цаашлаад бусдад хилэгнэхэд хүргэж, сэтгэл санааны дарамтад оруулж, нийгмийн эсрэг зан авир гаргахад хүргэдэг байж болох юм” гэж Сөүл хотын Донгук их сургуулийн профессор Чо Ён О хэлжээ.

Тусгаарлагдмал байдал болон алдах зүйлгүй болсон мэт мэдрэмж нь тэдгээр хүнийг хяналтаа алдахад хүргэж, бодлогогүй алхам хийхэд хүргэдэг байна. Харин гэр бүл болон ажлын хамт олон зэрэг бусад хүнтэй харилцаа холбоо сайтай хүмүүсийн өөрийгөө хянах чадвар сайн байдгийн зэрэгцээ хууль бус үйлдэл хийх сэдэлд автах нь бага байдаг байна.

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг