Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх их дээд сргуулийн 1-6 дугаар дамжааны 28 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэгээ олгов. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буйгаар нь эдгээр оюутнуудыг шалгаруулж, батламж тэмдэг, мөнгөн тэтгэлэгийг гардуулсан юм.

Шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авсан, эрдэм шинжилгээний олон ажил хийсэн, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад амжилттай оролцсон, олон нийтийг хамарсан эерэг хандлага бий болгох зорилготой томоохон аян зохион байгуулсан, хүнд өвчтөй иргэдэд эмчилгээний зардал олох хандив хуримтлуулах ажлыг амжилттай явуулсан зэрэг эдгээр оюутан тус бүр хичээл зүтгэл гарган суралцахын зэрэгцээ нийгмийн идэвхитэй ажил өрнүүлжээ.

Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшлийн гол хүч нь өндөр мэдлэг, боловсрол бүхий залуучууд байсаар ирсэн. Тиймдээ ч манай Засгийн газар зөв зохистой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Та бүгдийн амжилтаар өнөөдөр эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон дадалжуулсан хүмүүстээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд хэлээд шударга нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжлийг манлайлах, шинэчлэлийг түүчээлэх эрхэм үүргээ бүрэн ухамсарлан ойлгож, эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээ шийдэл болгон дэлгэрүүлээрэй хэмээн оюутан залууст захилаа. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.