МАН-ын Бага хурлаар тус намын дарга У.Хүрэлсүхийн танилцуулсан УИХ-ын М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж, тогтоол баталжээ.

Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх, "Намын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргыг огрруулах асуудлыг олон талаас нь хэлэлцсэн. УИХ-ын 40 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв намаас улс төрийн шийдвэр гаргахгүй бол энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой. Тиймээс би УИХ-ын даргад "Та ажлаа өг. Би ч бас Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгье гэсэн санал хүртэл тависан ч хүлээн авахгүй гэсэн. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хуваагдаад буй МАН-ын бүлэг эв эеийг олох нь чухал” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад Бага хуралд оролцсон гишүүдийн 90 хувь УИХ-ын дарга М.Энхболд сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн тогтоолыг дэмжсэн байна.

 

Ч.Ариунболд

Эх сурвалж: Монцамэ агентлаг