Улсын гуравдугаар сургуулийн сурагчид шинэ жилийн баярыг тэмдэглэхээс татгалзаж, " Амьдралд өнгө нэмьe" хандивын аян өрнүүллээ. 

Сургуулийнхаа хоёр сурагчийн гэр бүлд бүрэн дулаалгатай гэр бэлэглэлээ. Мөн буйдан, гал тогооны хэрэгсэл зэрэг тавилга болон өвлийн түлшийг өгч байгаа юм.

Эдгээр сурагчид шинэ жилийн баяраасаа татгалзан сургуулийнхаа найзын гэр бүлд өөрсдийн санаачлагаар тусламж үзүүлсэн нь энэ юм. 

Бусдад чин сэтгэлээсээ туслахын ач холбогдлыг сурагчдад ойлгуулах зорилгоор өрнүүлсэн “Амьдралд өнгө нэмье” аяны хүрээнд нийт 7.025.000 төгрөг цугларсан байна. 3 дугаар сургуулийнхан хүн бүрээс 2000 төгрөг цуглуулсан бөгөөд зарим эцэг эх сайн дураараа илүү тусламж үзүүлснээр тэд бодит тусламжийн ажил хийж чаджээ.

Гэртэй болсон хүүхдийн эмээ баярласан сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Би өмнө нь подвалоос подвал дамжин амьдардаг байлаа. Гэтэл хүүгийн минь сургуулиас ийм сайхан өргөө цагаан гэр авч өгсөнд маш их баярлаж байна. Олны хүч оломгүй далай гэдгийг 3-дугаар сургуулийн сурагчид үзүүлж чадлаа” гэв.

Мөн энэхүү аяныг зохион байгуулагчдын нэг, эцэг эхийн зөвлөлийн гишүүн Д.Ганбаяр хэлэхдээ “Манай сургуулийн нийгмийн ажилтнууд сурагчдаас гэр бүлийн болон амьдралын нөхцөл байдлыг харгалзан гурван сурагчийг сонгон авч туслахаар болсон.  Нэг сарын турш үргэлжилсэн энэхүү аяны хүрээнд бид цугларсан мөнгөөрөө, тавилгатай гэр хоёрыг, портер нүүрс, өргөн хэрэглээний хүнсний зүйлс цуглуулан авч өгөөд байна. Өнөөдөр би өөрөө гэртээ болох гэж байгаа юм шиг л баярлаж байна” гэв. 

Сайн үйлсийн аянд олон эцэг эх өөрсдийн чаддаг зүйлээрээ тусалсан бөгөөд ангийнхаа найздаа зориулж Н.Гансүх гэхэд эцэг эхээрээ гэрийн бүрээс хийлгүүлж өгсөн байна.   

tv5.mn