Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг хангалтгүй ажиллаж байгаа шалтгаанаар огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлж, харин нийслэлийн ИТХ нь асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга С.Батболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.

Хүсэлтийн нь дагуу Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Харин нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа юм.

Харин одоо нийслэлийн шинэ Захирагч хэн болох таамаг улстөрийн хүрээнд өрнөж эхэллээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг зүтгүүлж байгаа тухай нэлээн хүчтэй яригдаж байна. Харин Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын даргын орлогч Б.Мөнхбаатарыг сойж байгаа тухай яриа ч мөн газар авсаар байгаа. Гэхдээ нийслэлийнхэн дотроосоо даргаа тавих сонирхолтой, нэр дэвшүүлж судалгаа гаргаж эхэлсэн гэх мэдээлэл өчигдөр оройхноос чих дэлсээд эхлэв. Тухайлбал, Хотын даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нарын нэр онцгойлон яригдаж байна. Эдгээр нөхдийн хэн нь хотын захирагч болохыг Ерөнхий сайд шийдэх ч гэлээ хэдийнэ Женкогийн хүн гэгдэх болсон Д.Сумъяабазарын зүтгүүлж буй Д.Мөнхбаатар болох магадлал өндөр байгаа гэнэ.

niigmiintoli.mn