Жил бүрийн өвөл олон аав ээжүүдийн санаагаа чилээх гол асуудал нь утаа болоод байна.

Учир нь хорт утаагаар амьсгалж буй бага насны хүүхдүүд ханиад хүндрэх улмаар хатгай болох явдал улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд өвчнөө дийлэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй нялхас ч жилээс жилд нэмэгдсээр байгаа нь эмгэнэлтэй. 

Үүнд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хүүхдийн эмнэлэгийн асуудал. Монголд хүүхдийн эмнэлэг хангалттай байдаггүй, байгаа цөөхөн эмнэлэгийн ор хүрэлцэхгүй ачааллаа дийлэхгүйн улмаас олон хүүхэд яаралтай тусламж авч чадахгүйд хүрдэг. Энэ байдлыг ухамсарласан экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 80 ширхэг ор бэлэглэжээ.

Энэ тухайгаа тэрээр: “… Өнөөдөр бага насны хүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчлөл маш өндөр байгаагаас шалтгаалж, дүүргийн эмнэлгүүд хэвийн хэмжээнээс 3 дахин илүү ачаалалтай ажиллаж байна. Энэ ид ачааллаас болж хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүнд өвчтэй хүүхдүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт шалан дээр хэвтэж байна. Иймээс дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийт 80 эвхдэг орыг хандивлалаа. Бидний хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй, хариуцлагатай ажиллаж байгаа цагаан нөмрөгт баатруудаараа маш их бахархаж байна. Хүүхэд багачууд маань эрүүл энх өсөх болтугай” гэжээ. 

www.Seen.mn