Өнөөдөр эрх мэдэлтнүүд суудлаа булаалдаж дээр доороо орж байхад бяцхан үрс минь энэ сааралтсан нийгэмд чинь бүдчиж явна. Бяцхан зүрхэнд нь багтамгүй олон дайсан тэднийг минь отож байна. Ёстой л гадаа гараад утаа гэрт ороод хүчирхийлэл угтаж байгаа гэхэд хэлсдэхгүй болов уу.

Сүүлийн жилүүдэд бага насны охидын эсрэг хүчирхийлэл нилээдгүй гарсан ч өнөөдөр дорвитой шийдэгдсэн нь ганц “Очир төв”-ийн зочид буудалд амиа алсан 13 настай бяцхан охины хэрэг л болж байна. Нийгэмд ийм төрлийн хэрэг гарахаар төрийн томчууд та нар өөрсдийгөө хэвлэл мэдээллээр гаргаж ард түмэнд сайхан харагдахыг оролддог. Дараа нь тэр хэрэг хэрхэн шийдэгдэж тэр бузар этгээд яаж шийтгүүлж байгааг ч мөн олонд мэдрүүлэх хэрэгтэй. Гэмт хэрэгтэнд хүний эрх ярьж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэж олон нийтэд хүргээгүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэг дахин давтагдсаар байна. Бүүр сүүлдээ бага насны охидоос минь хальж ирээдүйд эх орны минь ноён нуруу болох энхрий бяцхан хөвгүүдийг минь онилох боллоо. Өнгөрөгч оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Замын-үүд суманд ой наймхан сартай хүүг аавынх нь найз бузарлаж орхисон. Тэрхэн үед орон даяар л энэ хэргийн талаар ярьж гэмт хэрэгтэнг жигшиж байсан ч өнөөдөр ийм хэрэг үргэлжлэн гарсаар байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт энэ сарын 17-ны өдөр таван настай хүүг хойд эцэг нь болох 38 настай Ц гэгч нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Төр засгаас энэ төрлийн гэмт хэрэгт анхаарлаа хандуулж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа нь харагдаж байна. Дээрх бол зөвхөн цагдаагийн байгууллагад хохирогч тал гомдол гаргасаны умлаас илэрсэн хэргүүд. Цаана нь нуугдмал хичнээн бяцхан зүрх байгааг хэн ч мэдэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай улс иргэний дайнтай Сири улстай адил нөхцөлд байна” хэмээн хэлж байсанчлан үнэхээр алаг үрс минь чонон дундах хонь шиг амьдрах ёстой юм гэж үү?. Хахир хүйтэнд хэн нэгнийг суудлаас нь буулгах гэж хэдэн өдөр гадаа жагсаж байгаа шигээ бяцхан хүүхдүүдийнхээ төлөө тэмцэх цаг нь иржээ Монголчуудаа.