Шатахууны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж, иргэдийг бухимдуулж, Засгийн газрыг шахамдуулсаар жилийн нүүрийг үзжээ.

Онцгой албан татварыг тэглэж, импортлогчдод найр тавьсан ч тэд үнээ нэмсээр иргэдийн өргөн хэрэглээний шатахууны үнэ 2000 төгрөгт хүрсэн. Тухайлбал, өнгөрсөн сард улсын хэмжээнд АИ 80 шатахууны дундаж үнэ 1931, АИ 92 2068, АИ 95 2342, ДТ 2443 төгрөгийн үнэтэй байжээ.

Харин сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш буурч “Брэнт” маркын газрын тос гэхэд 56 ам.доллар руу унасан. Ингэснээр манай улсад шатахууны үнэ буух боломж үүссэн юм. Засгийн газраас ч тэр энэ тал дээр анхаарч, шатахуун импортлогчидтой тохиролцож, иргэдийн өргөн хэрэглээни АИ 92 төрлийн шатахууны үнийг энэ сарын 7-ноос эхлэн 100 төгрөгөөр, цаашлаад дахин 100 төгрөгөөр буулгахаар болсон. Тэгвэл нийслэлд АИ 92 1886, АИ 95 2328, ДТ 2377 төгрөгийн үнэтэй байгаа юм.