МАН-ын дарга асан Ц.Сандуй 60 тэрбумын хэрэг гэж юу юм, тухайн үед ямар үйл явдал өрнөсөн талаар Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тус ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

ЭШЛЭЛ 1 Түүнээс 60 тэрбумын бичлэг тарсаныг анх яаж мэдсэн талаар сэтгүүлч асуухад “Хамгийн анх 2016 оны зургадугаар сарын 18-ны өдөр сошиал орчинд хэн тавьсан нь мэдэгдэхгүйгээр 90 секундын бичлэг байршуулсан. Тухайн үед би нийслэлийн сонгуулийг удирдаж байсан ч өөрийн нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүрэгт тойрог дээрээ ажиллаж байсан.Тэр үед намын төв штабаас нарийн бичгийн дарга Т.Гантулга над руу утасдаж “Ийм бичлэг гарлаа. Чиний дуу хоолой мөн байна. Яаралтай намын байран дээр ирнэ үү” гэсэн. Би тэр дороо л дүүрэг дээрээс давхиад ирсэн” гэжээ.

ЭШЛЭЛ 2.Тэрбээр тус бичлэгийг үзээд “Маш их гайхсан. Хэзээ, хаана ийм зүйл ярьсанаа санахгүй байсан. Тухайн үед сонгуулийн бэлтгэл ажил хангаж байх үеийнх ч юм шиг, ер нь энд тэндхийн олон үйл явдал юм шиг санагдаж байсан. Өөрөөр хэлбэл, Доржзодов надтай 3-4 удаа уулзсан үеийнхээ яриаг эвлүүлээд бичлэг болгосон байсан. А.Ганбаатарын яриа нэг орж ирээд л, сүүлдээ М.Энхболд даргын яриа ч орж ирж байх шиг.Тэр бичлэгт байгаа зүйлийг хэзээ, хаана ярилаа гэдгээ бодож байсан. Нийслэлийн намын дарга, сонгууль удирдаж байгаа хүний хувьд маш том цохилт шүү дээ.Хүн тэмдэглэл л хөтөлдөггүй юм бол тэдэн сарын тэдэнд би тийм юм ярьсан гэдгээ тэр бүр санахгүй шүү дээ. Мөн тэрбээр Хамгийн гол нь хэзээний яриа вэ гэдгээ би санахгүй байсан. Сүүлд л бодоод байх нь ээ, 2014 онд хийсэн бичлэг байна гэж таасан. Бичлэг сонсоод Ганбаатар руу залгаад “энэ хаана хийсэн, юун бичлэг вэ” гэж асуухад Ганбаатар ч мэдэхгүй байсан. Хүн хамгийн ойрхон хүнээ л харддаг юм билээ.

ЭШЛЭЛ 3.Одоо бүх юм тодорхой болсон энэ үед харахад Ганбаатар, Доржзодов бид гурвын яриа мөн, Доржзодов тэр схемийг бид хоёрт танилцуулж ярьж байсан тэр үеийн яриа байгаа юм. Гэхдээ ганцхан нэг өдрийн бичлэг биш, өөр өөр газар хийсэн бичлэгүүд. Яг тухайн үеийн протокол надад байхгүй болохоор нэг дор тийм олон юм ярьж байснаа санахгүй байна. Миний дуу хоолой мөн нь мөн.

ЭШЛЭЛ 4.Одоо ингээд харахад Г.Доржзодовыг зорилготойгоор над дээр иржээ гэж боддог. Тухайн үед А.Ганбаатар компанидаа стратеги төлөвлөлт хариуцсан захирал авна гэж зар өгсөн байдаг. Зарын дагуу Доржзодов ирсэн гэдэг. Манай компанийн стратеги төлөвлөлт хийдэг ийм мундаг залуу байна гэж танилцуулж байсан. Стратеги судалгааны хүрээлэн, олон улсын төвд ажиллаж байсан аймаар мундаг залуу гээд л Ганбаагийн компанид орж, тэд хамтарч ажиллаж эхэлж байсан юм билээ. Ганбаатараар дамжуулж Сандуйтай ойртох ёстой гэсэн зорилго л түүнд байсан байна. Тэгснээрээ улиг болон яригдаж байгаа 60 тэрбумынхаа эхний сууриа тавьжээ гэж би боддог. 2014 онд аль нам ялах нь тодорхой биш байсан. Ерөнхий хандлагаараа МАН ялах боломж арай илүү харагдаж байсан байх. Тиймээс өрсөлдөгч намууд маань бидний алдаан дээр тоглох, ямар нэгэн байдлаар материал цуглуулах ажиллагааг Доржзодовоор дамжуулан явуулсан нь манай намын хэсэг нөхдийн том зэвсэг болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, намын дарга нь М.Энхболд, нийслэлийн намын дарга нь Ц.Сандуй. М.Энхболдтой хамгийн ойр шадар хүн нь Ц.Сандуй. Сандуйгийн найз нар, ажлын хүрээлэл дотроос Ганбаатарыг онилжээ.

ЭШЛЭЛ 5.Тэрбээр “Ямартай ч Доржзодовын ээлжит булхайнууд нэг нэгээрээ дэлгэгдэж байна. Тухайлбал, тэрбээр Лектор төв, ХҮН намд Болд гэж нэртэй байсан тухайг түүний найз нар нь ил болгочихлоо. Мөн Доржзодов хүүхэд байхдаа Дарханд Монголын хамгийн анхны багтай дээрэм хийж найз нарыгаа шоронд явуулж өөрөө хэргээс мултарч байсан нь баримттайгаар ил болсон. Тухайн үед түүний аав Ганболд нь Дарханы шүүхэд ажилладаг байсан юм билээ. Ийм л криминальний хүн л дээ” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 6.Тэрбээр Доржзодовын тухай ярихдаа “...зургаа, долдугаар сард байх аа, ажил тарах үеэр А.Ганбаатар намайг ажил дээр хүрээд ирээч гэж дуудсан. Очиход Ганбаатар хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Одоо бодоход нүүр ам нь улайчихсан нэг хачин үлбийсэн, нүдэнд хүйтэн залуу байсан. Тэгж л анх танилцаж байсан. Тэр үеэс л бичсэн бичлэг байгаа юм” гэжээ. Мөн тэрбээр “Доржзодов хоёр гуравхан сар Ганбаатартай хамт ажилласан. Тэр бүх хугацаандаа бичлэг хийсэн байх. Магадгүй, одоо ямар бичлэг гарч ирэхийг би мэдэхгүй. Түүнд хичнээн ч цагийн бичлэг байж магадгүй. Түүнээсээ хүмүүст өгөөш болох бүх яриаг эвлүүлж 60 тэрбумын гэх энэ зохиомол хэргийг бий болгосон.

ЭШЛЭЛ 7.Тэрбээр Доржзодовын тухай ярихдаа “...зургаа, долдугаар сард байх аа, ажил тарах үеэр А.Ганбаатар намайг ажил дээр хүрээд ирээч гэж дуудсан. Очиход Ганбаатар хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Одоо бодоход нүүр ам нь улайчихсан нэг хачин үлбийсэн, нүдэнд хүйтэн залуу байсан. Тэгж л анх танилцаж байсан. Тэр үеэс л бичсэн бичлэг байгаа юм” гэжээ.Мөн тэрбээр “Доржзодов хоёр гуравхан сар Ганбаатартай хамт ажилласан. Тэр бүх хугацаандаа бичлэг хийсэн байх. Магадгүй, одоо ямар бичлэг гарч ирэхийг би мэдэхгүй. Түүнд хичнээн ч цагийн бичлэг байж магадгүй. Түүнээсээ хүмүүст өгөөш болох бүх яриаг эвлүүлж 60 тэрбумын гэх энэ зохиомол хэргийг бий болгосон.

ЭШЛЭЛ 8.Би энэ намыг өнөөдрийн ийм байдалд хүрэхийг мэдсэн бол ажлаа хэрэггүй өгч дээ гэж бодож байна. Би ялсан намын дарга байж яагаад ажлаа өгөх ёстой юм гээд л суусан бол болох л байсан. Үгүй ядаж Иргэдийн хурлын даргатайгаа үлддэг байж гэж бодож байна. Ердөөсөө л энэ бүх юм албан тушаалын төлөөх өрсөлдөөн юм шүү. Албан тушаалыг нь авахын тулд гүтгэнэ, доромжилно, гутаана гээд олон ажлыг намын зарим нөхөд маань хийж явна даа.

ЭШЛЭЛ 9.“Доржзодов өөрөө маш сайн ярьдаг хүн л дээ. Их ч ярьж өөрийн төлөвлөгөөгөө тайлбарласан. Гэтэл тэр бичлэг дээр Доржзодовын өөрийнх нь яриа байдаггүй нь сонин. Хамгийн их ярьсан нь Доржзодов, дараа нь Ганбаа ярина. Бичлэг дээр “Сандуй чи ярь даа” гээд миний нэрийг дуудаад байгаа биз. Одоо бодохнээ тэрбээр зориуд өдөж яриулж бичлэг хийжээ. Дараа нь 90 секундын тэр жижиг яриа гарч ирэхэд мөнгө төгрөгний асуудал босч ирсэн. Би Ганбааг “наадахаа цагдаагаар шалгуул. Ингэж шантааж хийхгүй ээ” гэж хэлж байсан. Сүүлд нь эвлүүлсэн бичлэг цацагдсан”

ЭШЛЭЛ 10.Яваандаа 60 тэрбумын асуудлаар ном бичнэ гэж бодож байгаа. Энэ хэргийг мухарласны дараа юу болсон талаар бичих юм маш их юм бий. 60 тэрбумын гэх энэ зохиомол хэрэг надад том сургамж өглөө.

ЭШЛЭЛ 11.Мөн тэрбээр “Тэр бичлэг цацагдахаас өмнө над дээр нэг удаа ирсэн. Би нэг их итгэхгүй байсан болохоор “та хоёр нууцлалын гэрээ байгуулчих” гээд Ганбаатар Доржзодовыг над руу явуулсан байдаг. Одоо гэрээ, гэрээ биш болжээ. Түүнийг гэрээгээ зөрчсөн гээд явбал нэг асуудал болох л байх.

ЭШЛЭЛ 12.Ганбаа, Доржзодов хоёр төлөвлөгөө боловсруулаад намаас хэдэн төгрөг авъя гэсэн бодол аль алинд нь байсан юм болов уу даа. 60 тэрбум бол Доржзодовын боловсруулж бидэнд санал болгосон төсөл, бидний хоорондын яриа төдий л зүйл шүү дээ.

ЭШЛЭЛ 13.Түүнээс сэтгүүлч “60 тэрбум бол яриа төдий зүйл, би сонссон л юм гэж та хэллээ. Тэгвэл яагаад буруутай юм шиг ажлаа өгөөд л, таг чиг суугаад байсан юм” хэмээн асуухад тэрбээр “МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Нийслэлд Налайх, Багахангай хоёроос бусад бүх дүүрэгт ялагдсан. Тийм болохоор улс төрийн хариуцлага хүлээж би хотын намын даргын ажлаа өгсөн. Өөрөө өргөдлөө өгөх, нас барсан, өвчний улмаас, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан үед л ажлаа өгөх заалттай. Тухайн үед би ажлаа өгч шалгуулаад эргээд ирэх бодолтой байсан. Асуудлыг мухарлах ёстой биз дээ. Гэтэл хуулийн байгууллага шалгаад мухарлах гэхээр улс төрийн захиалгаар дахин дахин сэргээж байгаа нь харамсалтай” хэмээн хариулжээ.

ЭШЛЭЛ 14.Түүнээс 60 тэрбумын схемийг хэн санаачилсан, хэний санаа байсныг асуухад “Доржзодовын л бидэнд танилцуулсан төсөл шүү дээ. Тэр зураг, схем, төлөвлөгөөг бүгдийг нь Доржзодов хийж танилцуулсан. А.Ганбаатар надад “Доржзодов бид хоёрын хийсэн төлөвлөгөө” гээд л танилцуулаад байсан. Доржзодов тэр бүх зураг схем, танилцуулгынхаа дор зохиогчийн эрх гээд өөрийнхөө нэр, тамга тэмдэг дарсан байсан. Сүүлд тэр нь алга болсон байна лээ. Би анх удаа л сонгуульд нам удирдаж орж байгаа болохоор сонгуулийн зардал мөнгөө яаж олох талаар нарийн сайн мэдэх ч үгүй байсан. Тэгээд намууд яаж санхүүждэгийг судлаарай гэхэд Доржзодов “Өө бэлэн байгаа. Хамгийн сүүлд танд үзүүлнэ ээ” гэсэн. Тэгээд нэг өдөр нөгөөхөө танилцуулъя гээд “60 тэрбумын схем”-ээ танилцуулсан. Бусад намууд яг ингэж хийдэг гэж байсан. Тэр бичлэг дээр бусад намынх шиг гэж би дандаа ярьсан байдаг юм” хэмэээн ярьжээ.

ЭШЛЭЛ 15.Өнөөдөр Доржзодов надад танилцуулж байсан тэр бичлэгээ цацаж, надад бурууг тохох гэж оролдож байгаа боловч бусад намууд тэр байтугай л төлөвлөгөө, схем ярьдаг гэдэг. Би Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын тэр схемыг сонирхож, асууж, харилцан ярилцсан нь тэр бичлэг дээр байгаа.

ЭШЛЭЛ 16.Сэтгүүлч “Та тэр схемээр 60 тэрбум төгрөг босгож болох юм гэж бодож байсан уу?” гэхэд “Ер нь А.Ганбаатар л 60 гэдэг тоо хэлсэнээс ийм нэр томьёо гарсан. Түүнээс энэ тоо сонин биш. Доржзодовын бидэнд танилцуулсан 60 тэрбумын схемийг би яагаад тэгж сонирхсон юм гэхээр намын бүртгэлжүүлэлт, санхүүгийн ил тод байдал нь анхаарал татсан. Тэрнээс биш албан тушаалыг лангуун дээр байдаг бараа мэт ширхэгчлэн зараад байна гэж хаана ч байхгүй. Би тэнд Доржзодов гэдэг хүний танилцуулсан схемийг сонссон, харилцсан, ярьсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлээгүй. Бичлэг дээр Сандуй гэж баян баагийгаас их мөнгө салгая гэж яриад байгаа биз дээ. Би өөрийгөө тэгж ярих уу. Тэр хоёр зохиочихоод намайг ав гэж тулгаад байгаа нь харагдаж байгаа биз дээ”

ЭШЛЭЛ 17.Дараа нь тэр бүгдийгээ нийлүүлээд нэг юм бичээд өгснийг нь авсан. Үзсэн. Доржзодов үүнийгээ ярьдаггүй. Хамгийн их ярьж байсан хүн яагаад бичлэг дээр огт дуу нь гардаггүй юм. Яагаад “би энэ 60 тэрбумын схемийг хийсэн” гэж өөрөө ярьдаггүй юм. Тэнд “Энхболд даргаа” гэж хэн ч ярьдаггүй. Гэтэл яагаад М.Энхболд даргын дуу нь тэнд ороод ирсэн байдаг юм, бүү мэд. Тэр бичлэгт миний дуу хоолой байгаа, М.Энхболд даргын дуу ч байдаг. Угтаа бол М.Энхболд даргын хурал хуй дээр ярьсан яриаг нь эвлүүлж нийлүүлээд бичлэгт оруулсан гэсэн үг. Доржзодов өнөөдөр энэ тэнд уулзсан уулзалтынхаа яриаг эвлүүлээд 60 тэрбумын 90 минутын бүхэл бүтэн бичлэг гээд гаргаад тавьчихсан. Ийм л юмнууд байна. Үүнийг анх цагдаа, прокурор, Авилгатай тэмцэх газар, тагнуул бүгд шалгаад хэрэгсэхгүй болгосон тухайг дээр дурдсан.

ЭШЛЭЛ 18. Тэрбээр “М.Энхболд дарга уулзалтад нэг ч удаа ирж байгаагүй гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлье.Тэр бичлэгт дуу хоолой нь байгаа болохоор хүмүүс М.Энхболд даргыг хамт байсан юм байна гэж ойлгоод байж магадгүй. Үнэндээ тухайн үед үнэн зөвийг нь ялгаж салгаж яриагүй бидний алдаа болжээ. Яг үнэндээ М.Энхболд дарга тухайн үед хэн нь ч мэдэгдэхгүй Доржзодовтой уулзах цаг зав ч байгаагүй” хэмээжээ. Мөн тэрбээр “Нэг үе Н.Энхбаяр дарга шиг муу хүн Монголд байгаагүй. Амтай болгон муулж байсан. Түүнийг л хөөж явуулбал бүх юм сайн болчих юм шиг ярьж байв. Одоо тэр үйл явц М.Энхболд дарга дээр давтагдаж байна. Чадалтай улстөрчийг ингэж шахдаг юм байна. Хүчтэй лидерээс айж, түүнийг унагахын тулд хүний өөрийнгүй нийлж, огт байгаагүй, болоогүй зүйлийг үнэн мэт ял тулгаж байна. 60 тэрбум гээд байгаа бол намайг л яллаж, намайг л шүү”.

ЭШЛЭЛ 19.Доржзодовын санаачилсан уг төлөвлөгөөг намын удирдлагуудаас тухайн үед У.Хүрэлсүх сонссон хэмээжээ. Тодруулбал тэрбээр “Энэ яриаг сонссон хүмүүс байгаа. Би баримт болгож танд зураг үзүүлье. У.Хүрэлсүх дарга тухайн үед Шадар сайд байхдаа Ганбаатарын "Шинэ монгол хаад” компанийн байранд өөрийн биеэр ирж энэ ярианд оролцсон гэдгийг нотлох зураг байгаа юм. Та сайн хард аа. Ар талд нь тэр 60 тэрбумын гээд байгаа алдарт схем харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан гэсэн үг” хэмээн ярьсан байна. Тэрбээр мөн “У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар үүнийг яагаад сонсох болсон бэ гэхээр тухайн үед НАМЗХ-гийн залуучуудын дунд хагарал болсон. Та санаж байгаа байх. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоорондоо муудалцаж, хүнд байсан үе. Залуучуудын холбооны энэ хагарал гүнзгийрч, хоёр хуваагдвал нам ч гэсэн хоёр хуваагдах аюултай юм байна гэдгийг би харж байсан. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх гээд намын хоёр том лидер муудалцаж болохгүй юм байна гэдгийг бид гурав ярилцаж байсан. Тэгээд У.Хүрэлсүх даргыг манай өрөөнд урихдаа ярианы сэдэв болгоод л Доржзодовын төслийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй. Сайн байна. Үүнийгээ чи хэрэгжүүлэх юм уу” гэж асуусан. “Яахав ээ, зөгнөлт юмнууд наана чинь зөндөө бий” гэж би хариулсан. Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа. Үүнийг бусад бүх нам дээр ч ярьдаг гэдгийг одоо болж байгаа олон үйл явдлууд харууллаа” гэжээ. Үүнээс гадна тэрбээр “У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ гэж харагдаж байна. Нэг хоёр хүний хатгаасаар л өнөөдрийн үйл явдал өрнөж байна” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 20.Тэрбээр 60 тэрбумын схемийг ХҮН намын Доржханд мөн боловсруулсан гэжээ. Тодруулбал “хамгийн анх Доржханд, Доржзодов хоёр энэ төлөвлөгөөг хийсэн гэж ярьсан. Ярьсан нь, ил гарсан нь Ц.Сандуй байгаа болохоос биш бүх л нам ярьдаг гэдгийг Т.Ганболд хэллээ. Магадгүй, дараагийн сонгуульд ХҮН нам суудал авбал, эсвэл АН гайгүй суудал авбал иймэрхүү бичлэг гарахыг үгүйсгэхгүй. Энэ бол өрсөлдөгчөө намнах увайгүй үйлдэл юм. М.Энхболд даргыг өчнөөн муу муухайгаар гүтгэж байна” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 21.Тэрбээр “60 тэрбум бол өрсөлдөгчөө дарах гэсэн улс төрийн бохир акц л гэж харж байгаа. Хүмүүс одоо энэ асуудлыг худлаа гэдгийг мэддэг болж дээ” хэмээн ярьсан байна. Мөн “Өнөөдөр 60 тэрбум гээд байгаа тэр хэрэг ЖДҮ шиг баримт нотолгоотой юу. Юу ч байхгүй. Тэгж ярьвал ЖДҮ-ийн хэрэг бол төрийн эрхийг авах гэж байгаа хэрэг юм биш үү. Засгийн газрыг огцруулсны төлөө кноп дарсан хүн бүрт 950 сая төгрөг өгнө гэдэг жинхэнэ авлига, жинхэнээсээ төрийн эрхийг зохион байгуулалттайгаар, хууль бусаар авсан гэсэн үг. Өнөөдөр бие биенээ хамгаалж байгаа боловч, цаг нь болохоор шийтгэлээ амсана.Одоо хэрээ хэрээнийхээ харыг гайхаад хэрэггүй. Засаг нь огцорч, ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. 60 тэрбумын тухай ахин дахин яриа гаргаад байгаа нь үнэндээ ЖДҮ-ч гишүүдийг нуух, иргэдийн анхаарлыг түүнээс хөндийрүүлэх оролдлого мөн. Төрд “илжирсэн” зарим нөхөд маань шударга ёсоо умартаад, ЖДҮ-ч гишүүдийг өмгөөлж, хаацайлж, хамгаалж тэдэнтэй дуу, хөлөө нэгтгэсэн нь тун ойлгомжгүй зүйл ээ” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 22. Сонгуульд ялсны дараа би хотын дарга болно л гэж бодож байсан. Гэтэл удирдах зөвлөлийн шийдвэр гарч намайг иргэдийн хурлын дарга бол гэсэн. Магадгүй, зөв шийдвэр байсан байх. Би хотын дарга болсон бол маш олон хүнийг ажилд томилох болно. Өнөө 60 тэрбумаа хэрэгжүүлж байна гэж бүр их дэвэргэх байсан биз. Би намын шийдвэрийг дагасан. Одоо бол намын шийдвэр гэж тоохоо больж дээ. Намын удирдлагуудын түвшинд С.Батболдыг хотын дарга болгоно гээд аль хэдийнэ ярьсан ч байсан юм уу, би яаж мэдэхэв дээ.

ЭШЛЭЛ 23. Хэрэв бид 2016 онд Монголын ард түмний, нийслэлчүүдийн өгсөн итгэлийг хадгалж үлдье гэж хичээсэн бол ийм юм болохгүй байсан. Хэдхэн хүний албан тушаалын төлөөх тэмцэл, үл ойлголцлоос болоод МАН ийм байдалд орж байна.

ЭШЛЭЛ 24. Сэтгүүлч “Хүнд хэцүү үед таныг нам чинь хамгаалж чадсан уу?” хэмээн асуухад тэрбээр “Хамгаалсангүй шүү дээ. Харин ч дээрээс нь нүдээд балбаж байна. Намайг муулах, буруутгах зорилгоор сөрөг намын эхлүүлсэн ажлыг манай намынхан өлгөж аваад кино болгоод хөгжүүлээд явж байна” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: 24tsag.mn