АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаар өнөөдөр тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.

Мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын  байгуулллагын орон нутаг дахь салбарын дарга нар хариуцлага  алдсан тул  сахилгын шийтгэл ногдуулсан байна.  Тодруулбал,

  1. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг явуулж үндсэн ажлаас гадуур олсон орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

  2. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

  3. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл /Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт/-ийн 11.1-д "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно." гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар нийтийн албанаас халах сахилгын шийтгэл тооцуулсан байна.

Энэ бол тогтоогдсон жишээ бөгөөд үүний цаана цөөнгүй хэргүүд байх магадлалтай юм.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий дарга авлигын хэрэг өнөөдөр цагдаа шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм.

Мэргэжлийн байх ёстой байгууллагын дарга нар ийнхүү албаны нэр хүнд унагаж энэ үйлдэлд  МХЕГ-ын дарга нь анхаарч цаашид томилгоог учиртай хийх нь зүйн хэрэг юм. Эс бөгөөс ажлаа хийж байгаа жирийн алба хаагчид нь хэлмэгдэж, албаны нэр хүнд унах, цаашлаад сөрөг  асуудал гарахад ойрхон байгааг үүгээр дуулгаж байна !!!